"Г.Амартүвшин таниас болж, Чойжилсүрэн шүүгдэж байгаа шүү”

Хуучирсан мэдээ: 2023.06.14-нд нийтлэгдсэн

"Г.Амартүвшин таниас болж, Чойжилсүрэн шүүгдэж байгаа шүү”

"Г.Амартүвшин таниас болж, Чойжилсүрэн шүүгдэж байгаа шүү”

Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.06.14/ 42 дахь өдрөө үргэлжилж байна.


НЭМЭЛТ: 

Шүүх хуралдааны үеэр Хөгжлийн банк буюу хохирогчийн төлөөлөл нараар үг хэлүүлэх санал гарч, шүүх хуралдааныг даргалагч боломж олгов.

Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөгч н.ОРГИЛ:

-Монгол Улсын хөгжлийн банк нийтдээ 589 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа. Хэрвээ энэ шүүх хурлаас нэхэмжлэл үндэслэлгүй байна гэвэл хор уршиг нэмэгдэнэ. Маш их цаг хугацаа зарцуулж, алдагдал хүлээх байх. Энэ хохирол бодит хохирол.

Шүүгдэгч нарт хандаж хэдэн үг хэлье. Хөгжлийн банкинд ажиллаж байсан н.Аззаяа, н.Билгүүн, н.Гантогтох, н.Пүрэвсүрэн, н.Уянга, н.Оюунчимэг, н.Чинзориг нар энэ шүүх хуралд үг хэлэхдээ ямар их дарамт шахалт дор ажиллаж байснаа хэлээч ээ гэж хүсч байна.

Монголын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин /УИХ-ын гишүүн/-д хандаж хэлэхэд, таны найзын компаниас /УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн Вертекс Майнинг Партнерс /  2019 оны арванхоёрдугаар сарын 18-нд эхлээд 55 тэрбум төгрөгийн зээл авмаар байна гэж хүсэлт ирүүлээд, хэдхэн минутын дараа дахиад 48 тэрбум болгоод, дараа нь 33 тэрбум болгоод бууруулаад оруулаад ирснийх нь дараа тэр өдөрт багтаагаад зээлийн шинжилгээний танилцуулга гарга, зээлийн эрсдэлийн дүгнэлт гарга, тэр өдөрт багтаагаад барьцаа хөрөнгийн үнэлгээний тайланг гарга гэдэг шийдвэр шахалт шаардлагаас болоод өнөөдөр н.Чойжилсүрэн гэдэг залуу шүүгдэгчээр дуудагдаад зогсч байгаа шүү. Та шүүгдэгчийн үгээ хэлэхдээ энийг санаарай.

Н.Батбаяр захирал та "Эрсдэлийн сангаасаа хаагдчихдаг юм. Монголын Хөгжлийн банк энэ зээлийг олгосноор хохирол учраагүй" гэж ахиж битгий хэлээрэй. Эрсдэлийн талаар ийм ойлголттой хүн Хөгжлийн банкийг удирдаж байсанд ичиж байна.

Шүүх хуралдааныг өндөрлүүлэв.

"ТОСК-ийн эрсдэлийг өөр дээрээ авсных нь төлөө яллаж болохгүй"

НЭМЭЛТ: 

Шүүх хурлаар “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь Төрийн орон сууцны корпорац/ТОСК/-ийн дансанд байсан 50 сая ам.долларыг барьцаалж, зээл авсан асуудлыг хэлэлцэх шатанд өмгөөлөгч нар улсын яллагчийн дүгнэлттэй санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэж няцаалаа.

“Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн захирал Ц.Ууганбаярын өмгөөлөгч н.УНДРАХ-ЭРДЭНЭ:

-Улсын яллагч Ц.Ууганбаярыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Ц.Шинэбаатар, Хөгжлийн банкны захирал асан Б.Мөнхбат нартай бүлэглэж, “Шинэ яармаг” төсөл дээр мөнгө угаасан гэж ялладаг. Улсын яллагч дүгнэлт тайлбар гаргасан. Хоёр зүйл нэлээн тодорхой болсон. “Шинэ яармаг”  хэргийн хувьд хохирол, хор уршиг бол байхгүй. Улсын яллагч тайлбарлахдаа төлбөр төлөгдсөн талаар дурдсан. Өмгөлөөгчийн хувьд байр суурь нэг. Хөгжлийн банк гэм хорын зардал гэж нэхдэг, тэрийг бас улсын яллагч үндэслэлгүй гэсэн. Энэ дээр бас байр суурь нэг. Одоо ямар хэрэгт нь улсын яллагч яллах дүгнэлт үйлдээд шүүхэд ирүүлсэн юм бэ гэдэг асуудал. Бусад зээлүүдийн хувьд анх зээл олгосон процесс нь хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж байгаа.

“Нью яармаг хаусинг прожект” дээр яллах дүгнэлт уншихаар хоёр талтай зүйл ойлгогддог. ТОСК-д олгосон зээл нь хууль бус ч юм шиг, эсвэл тэр зээлийг ТОСК-ийн дансанд байхад барьцаалсан нь хууль бус юм шиг хоёрдмол агуулгатай байсныг улсын яллагч тайлбарласан. Улсын яллагч  Хөгжлийн банкнаас ТОСК-д олгосон 50 сая ам.долларыг түүнтэй холбоотой асуудлыг яллаагүй, тэр бол хууль ёсны. ТОСК-ийн дансанд байсан мөнгийг Хөгжлийн банкинд барьцаалж зээл авсныг буруутгаж байгаа гэдэг. Мөн улсын яллагч тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Шинэбаатартай Төрийн ордонд уулзсан талаар дурддаг. Ц.Шинэбаатар өөрөө мэдүүлэг өгөхдөө “Ерөнхий сайд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүл л гэж хэлсэн” гэсэн байдаг. Өөр ямар ч баримт байхгүй.

Улсын яллагчийн дурдсанчлан “Шинэ яармаг” төслийн хувьд бусад төслөөс ялгаатай. Хөгжлийн банкнаас зээл аваагүй. Ялын дүгнэлт дээр нь зээлдэгчид тавьсан шалгуур үзүүлэлтийг зөрчсөн юм шиг бичээд байгаа юм. Агуулгын зөрчилтэй. Энэ хэрэг дээр хохирол байхгүй. Битүүмжтэй данс буюу ХХБ-нд байсан ТОСК-ийн мөнгийг барьцаалж зээл авсан процессыг яллаж байгаа юм бол зарчмын зүйл гарч ирнэ. Энэ асуудал дээр дөрвөн талт гэрээ байгуулсан. Хөгжлийн банк яаж хохироод байгаа юм. ТОСК-д шилжиж ирсэн мөнгө. Барьцаалах зөвшөөрлийг ТОСК өөрөө олгосон. Анхны санаачлагыг ТОСК гаргасан. ТОСК өөрөө ““Нью яармаг хаусинг прожект” компанитай хамтран ажиллах гэрээний дагуу санхүүжилт хийх үүрэгтэй. Өөрийнхөө мөнгийг барьцаалуулаад ХХБ-наас мөнгө ав гэсэн. Хохирол байхгүй учраас миний үйлчлүүлэгч холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.

“Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн захирал Ц.Ууганбаярын өмгөөлөгч өмгөөлөгч О.БААСАНХҮҮ:

-Прокурорын хүсээд байгаа шиг тухайн мөнгө нь битүүмжтэйгээ байсан бол шүүгдэгч Ц.Ууганбаяр гэм буруугүй гэж тооцогдоод Хөгжлийн банкинд хор хохирол гарахгүй байсан уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ ийм байсан бол ямар нөхцөл байдал үүсэх байсан бэ гэвэл нэг жилд 24 тэрбум төгрөг буюу өнөөдөр хэдэн зуун тэрбум төгрөгийн хохирол үүсэх байсан.

Энэ шүүх хурал дээр ямар асуудал үүсэх байсан бэ гэхээр “Мөнгийг чинь нэг ч ашиглаагүй шүү дээ” гээд өгөх юм бол “Яагаад ашиглаагүй юм, хүүгээ төл. Засгийн газрын тогтоолтой, санхүүжүүл гэж байхад яагаад битүүмжтэй байлгасан юм бэ. Хятадын Экзим банктай хийсэн гэрээний дагуу ТОСК-оор дамжуулаад Ц.Ууганбаярт яагаад өгөөгүй юм. Ц.Ууганбаяр чи яагаад энэ зээлийг авах оролдлого хийгээгүй юм бэ” гээд буруутгах байсан. Одоо тэгтэл бүтээн байгуулалт хийсэн байна, мөнгийг нь гурав дахин өсгөөд өгсөн байна, ТОСК-ийн өмнөөс төлбөр төлсөн байна гээд буруутгах гээд байгаа.

Би өмнө нь Экзим банкны гэрээг гаргаад ир гэж хэлж байсан. Наад гэрээн дээр чинь санхүүжүүлнэ, баталгаа гаргана гэж хоёр юм байгаа. Баталгаа гэдэг нь авах гэж байгаа мөнгөө төлөхгүй бол өмнөөс нь би төлье гэсэн баталгаа үг. Санхүүжүүлнэ гэдэг нь тухайн компанид мөнгийг нь зээл болгож өгнө л гэсэн үг. Гэтэл Хөгжлийн банкныхан ямар асуудал үүсгэж байгаа вэ гэвэл  “барьцаанд тавьсан” гэсэн. Одоо прокурор барьцаандаа байлгаад байхгүй яасан юм бэ гэж байгаа. Барьцаанд байлгасан бол 36 тэрбум төгрөг нь хэвээрээ л байх байсан. Гэхдээ хүүг нь хэн төлөх байсан юм, ашиглалтад орохгүй байлгаад байх байсан бол хариуцлагыг хэн хүлээх байсан бэ гэдэгт прокурорт хариулт өгмөөр байна.

7 жилийн дараа хүнийг яллагдагчаар татаж болох юм уу. Хүү торгууль нь шийдэгдсэний дараа ял шийтгэл өгөх ёстой гэх нь зөв юм уу. Ажил хийснийх нь төлөө яллах гээд байгааг би ойлгохгүй байна. Барьцаанаас нь гаргаад өгөөч ээ гэдэг санал тавьсан бол буруутгахсан. ТОСК-оор дамжуул гэсэн, учраас дамжуулсан. Битүүмжинд байсан мөнгийг ТОСК өөр дээрээ нэг жил байлгаснаар 24 тэрбум төгрөгийн өрөнд орсон. Бид энэ өрөнд ормооргүй байна гээд ТОСК-ийн зүгээс Ц.Ууганбаярт санал тавьсан. ТУЗ  нь хүлээж аваад, ТУЗ -ийн шийдвэр гараад хамтарсан мэдэгдэл гаргасан. Өөрөөр хэлбэл, ТОСК -ийн эрсдлийг “Нью яармаг хаусинг прожект” өөр дээрээ авсан. ТОСК ямар ч барилга бариагүй, төрийн өмчийн байгууллагынхаа өмнө хохиролтой зогсох байсан. Хариуцлагыг нь үүрсний төлөө яагаад буруутгаад байгаа юм бэ. Яг ямар нотлох баримтаар буруутгаад байгаа юм бэ. Хэн гэдэг хүний оролцоо байгаа юм бэ. Ц.Шинэбаатар, Б.Мөнхбат руу бичиг явуулсан юм болов уу гэтэл манай хүний бичиг алга.

Анхнаасаа бид хэн нэгнийг хохироох гээд ч юм уу, зээл аваад ч юм уу, анхнаасаа бид ярьсан төслийнхөө бус өөр зүйлд, хувийн эрх ашигт зарцуулсан зүйл байхгүй. "Шинэ яармаг хороолол" өнөөдөр жишиг хороолол болсон. Хохирогч нарын хувьд авсан барилгаа битгий үнэгүйдүүлээсэй. Хохирогч нарын хувьд манай үйлчлүүлэгчийг хангалттай доромжилж, хангалттай дарамталж, хангалттай гүтгэсэн. Бизнес хийснийх нь төлөө буруутгаж болохгүй. Хэн нэгэн өр төлбөртэй бол гэрээнийхээ дагуу төлөөд явдаг. Зээлийг өнөөдөр мөнгө угаах гэж яриад байх юм. Хүүтэй өгч байна, барьцаатай өгч байна. Байшин барьсан нь мөнгө угаалт юм уу. Олон улсын төвшинд мөнгө угаахыг шал өөрөөр үздэг. Анхны саналаа дэмжиж, цагаатгаж өгөхийг хүсч байна.

"Прокурор оо, та шүүхийн өмнө худлаа ярихаасаа ичээч ээ"

Шүүх хуралдаанаар “Газ импорт” ХХК-тай холбоотой хэргийг хэлэлцэх шатанд өмгөөлөгч няцаалт хийлээ.

“Газ импорт”  ХХК  нь 2018 онд Хөгжлийн банкнаас 4.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Уг зээл олголттой холбогдуулан Хөгжлийн банкны дэд захирал асан Ч.Энхбат болон “Газ импорт”  ХХК-ийн захирал П.Мягмардорж нарын есөн хүнийг яллагдагчаар татсан.

Ч.Энхбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, тус компанид хууль бусаар нөлөөлөн, зээл олгосон гэж буруутгаж байгаа бол П.Мягмардоржийг зээлээ  зориулалт бусаар ашигласан гэж буруутгаж буй.

“Газ импорт” ХХК-ийн захирал П.Мягмардоржийн өмгөөлөгч Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ:

-Прокурор “Газ импорт” компани нь шаардлага хангаагүй байхад Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хороо нь зээл олгосон, аюултай хог хаягдлын зөвшөөрөл аваагүй, Х тайлантай байхад 4.9 тэрбум төгрөгийн зээл олгосон гэж буруутгаж байгаа.

Ч.Энхбатад миний үйлчлүүлэгч П.Мягмардорж яаж хууль бусаар нөлөөлсөн юм гэдэг хууль зүйн тайлбар хэлээгүй. Цэвэр таамгаар нөлөөлсөн л байж таараа гэж үзсэн. Яллах дүгнэлт нь замбараагүй, хүн бүр дээр копи паст хийчихсэн. Нэг болохоор Ч.Энхбатын тухай уншаад ч байгаа юм шиг, нэг болохоор П.Мягмардоржийн тухай уншаад ч байгаа юм шиг. Үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдээд зээл олгосон гээд байгаа. Хатгасан үйлдэл нь яаж хатгасан юм, мөнгө өгсөн юм уу, авлига өгсөн юм уу тэр нь  тогтоогддоггүй, Х тайлантай аж ахуйн нэгж зээл авч болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй.

Бусдын боломжийг хулгайлж авсан гэж яриад байх юм, дуртай аж ахуй нэгж нь төслөө өгөөд зээл авч байсан. Хэрвээ бусдын боломжийг хулгайлсан юм бол тухайн үед ямар аж ахуйн нэгж хог хаягдлыг дахин боловсруулж, экспортод гаргахаар төсөл бичээд зээл хүсээд Хөгжлийн банкинд хандсаныг нь хаагаад манай компани зээл авсан юм бэ. Тэрийг тогтоосон зүйл хавтаст хэрэгт байхгүй.

Мөрдөгч прокурор нь тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Та бүхний үүрэг байхгүй юу. Гэтэл биднийг шоолоод суугаад байдаг. Хэргийг бодитой тогтоохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй байхгүй юу. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй, өнөөдөр яг ямар үйлдлээр нөлөөлсөн юм, яг ямар үйлдлээр хатгасан юм бэ гэдэг нь тогтоогдоогүй байхад энийгээ ч нотолж чадахгүй байж биднийг доромжлоод суугаад байдаг.

П.Мягмардорж, Ч.Энхбатад ямар байдлаар нөлөөлсөн юм, тогтоосон юм байхгүй.

Прокурор хэрүүл хийгээд загнаад байх юм. Та дуугай бай, худлаа ярихаа л больчих. Намайг хэлээд байх шиг байгаа юм. “7-г тусалсан юм бол тусалсан шиг тусалчихгүй яасан юм бэ,  тусалчихаач ээ” гэж хэлсэн гээд байгаа юм.  Би тийм үг хэлээгүй шүү. Прокурор хүн байж та шүүхийн өмнө худлаа зүйл ярихаасаа ичих хэрэгтэй.

Би юу гэж ярьсан гэхээр “Нөлөөлсөн гэж яриад байх юм аа. Хөгжлийн банкнаас 7.2 тэрбумын зээл хүссэн байхад 4.6 тэрбумыг  өгсөн. Энд нөлөөлсөн шинж алга. Хэрэв нөлөөлсөн бол 7.2 ыг өгчихгүй яасан юм бэ. Нөлөөлөөгүй байна шүү дээ гэдэг утгыг л гаргаж хэлсэн. Зээлийг гурав хувааж өгсөн, хамгийн сүүлийн зээл долоон сарын дараа олгогдосн. Covid-19 гарсан. Энэ хугацааг яаж тооцох юм. Эдийн засаг санхүүгийн хүндрэл бүх газар гарсан.

Зэлэийн гэрээг харахаар зээл олгосон өдрөөс эхлээд хүү, алданги тооцсон. Гэтэл долоон сарын дараа олгосон зээлийг эхний зээл олгосон өдрөөс эхлээд тооцсон. Ямар боломж олгосон чинь бусад компанийн боломжийг хулгайлчихсан юм бэ, тэр нь байхгүй. Нийтэд таалагдах гээд, нийгэмд таалагдах гээд хэрэг боогоод оруулаад ирсэн. Тухайлбал, та бүхэн байгаа зүйлийг байхгүй гэж ярьсан. Үйлдвэр 90 хувь нь боссон байхад зээлээ зориулалтын дагуу зарцуулаагүй гэдэг. Өөр юунд зарцуулсан юм бэ гэдгийг нотолсон зүйл байхгүй.  Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хууль бус явагдсан. Нийтийн сенсацыг дарахын тулд нэг л том хэрэг боогоод ирсэн мундаг прокурорууд болж харагдах гэсэн зүйл болсон. Өмнөх шүүмжээ дэмжиж байна, хэргийг цагаатгаж өгнө үү гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж