ОХУ 2020 оноос хойш анх удаа Хойд Солонгост газрын тос илгээснийг энэ долоо хоногт гаргасан шинэ тайлангаар илрүүлжээ. Хориг арга хэмжээнд өртсөн улс руу ийнхүү газрын тос нийлүүлж байгаа нь Пёньянаас Москвад зэвсэг илгээсэн байж болзошгүй гэх таамаглалыг улам баталгаажуулав.
Тайланд дурдсанаар ОХУ 2022 оны арванхоёрдугаар сараас Хойд Солонгос руу нефтийн бүтээгдэхүүн илгээж эхэлжээ. Энэ нь одоо үргэлжилж байгаа аж. Үүнээс өмнө хамгийн сүүлийн тээвэрлэлтийг 2020 оны аравдугаар сард хийсэн. Нийлүүлэлтээ дахин эхлүүлснээс хойш 67 мянган баррель газрын тос Хойд Солонгост хүрчээ.
Хиймэл дагуулын зургаас харахад ОХУ, Хойд Солонгос улсууд дан төмөр замаар дамжуулан худалдаагаа сэргээсэн бололтой. Covid-19-тэй холбоотойгоор 2020 оны хоёрдугаар сард төмөр зам хаагдаад байсан.
АНУ сүүлийн саруудад ОХУ-д сум, явган цэргийн пуужин, зэвсэг, сум зэргийг илгээсэн гэж Хойд Солонгосыг буруутгаж байна. Цаашдаа ч илүү олон цэргийн техник нийлүүлэх вий гэж санаа зовж байгаагаа АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм. Хойд Солонгос энэ мэдэгдлийг үндэслэлгүй цуурхал гэж үгүйсгэж байна. Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн тооцоолсноор Хойд Солонгост 21600 орчим их бууны арсенал байдаг. Гэхдээ энэ нь тулааны хувь заяаг өөрчлөхүйц тийм нөлөөтэй зэвсэг биш гэдгийг АНУ мэдэгджээ. Гэсэн ч борлуулалт нь Хойд Солонгосын орлогын урсгалыг нээх давуу талтай юм.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ