Казахстан улсын зүүн хойд хэсэгт орших "Семей орманы" байгалийн нөөц газарт зургадугаар сарын 8-ны үд дунд гал гарсан. Гал түймэр нэг өдрийн дотор 30 мянган га газрыг хамарч, улмаар таван өдрийн дараа энэ тоо хоёр дахин нэмэгджээ.
Гал түймэр унтраах ангийн 14 алба хаагч нас барлаа. Энэхүү харамсалтай явдалтай холбоотойгоор зургадугаар сарын 12-ныг Казахстан улс гашуудлын өдөр болгон зарласан. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев зургадугаар сарын 11-нд Вьетнамд айлчлахаар төлөвлөж байсан боловч төлөвлөгөөгөө өөрчилжээ. Тэрбээр оронд нь Абай мужийг зорьж, гал түймэрт амиа алдсан хүмүүсийн ар гэртэй уулзсан.
Аянга буусны улмаас гал түймэр гарсан гэж орон нутгийн эрх баригчид анхандаа мэдэгдэж байв. Гэвч Аюулгүй байдлын алба сүүлд нь галдан шатаасан үйлдэл байж магадгүй гэжээ.
Олон км үргэлжилсэн элсэн манхан дундуур гал унтраах техник хэрэгсэл явахад хүндрэлтэй байгаа тул галыг унтраах ажил удааширч байна. Тусгай зориулалтын машин дутагдалтай, дулаан уур амьсгал, салхины чиглэл байнга өөрчлөгдөж байгаа зэрэг нь үйл ажиллагааг улам удаашруулж буй хүчин зүйл аж. Онцгой байдлын ажилтнуудын нөөц бололцоо хомс байгааг ажилтнуудын ар гэр хэлж байна. Тухайлбал, нэгэн хохирогч галын голомт руу тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр бус хувийн машинтайгаа явжээ.
Авлига, буруу менежментийн улмаас хүний амь ингэтлээ олноор эрсэдсэн гэж иргэд бухимдаж байна. Тодруулбал, "Семей орманы" байгалийн нөөц газрын гурван албан тушаалтан түймрээс хэдхэн хоногийн өмнө их хэмжээний мөнгө завшсан хэргээр 10 жилийн ял авчээ. Галыг шуурхай илрүүлэх системд зориулагдсан мөнгийг завшаагүй бол энэ олон хүн нас барахгүй байх боломж байсан гэж үзэж байна. Мөн хатуу хучилттай зам байхгүй учир галын машин зорьсон цэгтээ хурдан хүрч чадаагүй. Албаны хүмүүс зам барих мөнгө байхгүй гэж хэлсэн атлаа Токаев тэргүүтэй хүмүүсийг ирэхэд замаа засчихсан байжээ.
Эх сурвалж: EURASIA NET