Сурвалжлага: Хүүхдийн мөнгийг чирэгдэлгүй олгох ёстой

Хуучирсан мэдээ: 2023.06.14-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хүүхдийн мөнгийг чирэгдэлгүй олгох ёстой

Сурвалжлага: Хүүхдийн мөнгийг чирэгдэлгүй олгох ёстой

Ирэх сарын 1-нээс хүүхдийн мөнгийг нийт хүүхдэд олгож эхэлнэ. Энэ дагуу хүүхдийн мөнгөнөөс хасагдсан эцэг эхчүүд хэрхэн яаж, мөнгөө авах вэ гэдэг асуулттай нүүр тулж байна. Хамгийн наад зах нь хороондоо хүсэлт гаргахаас эхлээд олон чирэгдэл бий болж байгааг тэд хэллээ. Чингэлтэй дүүргийн 13, Баянзүрх дүүргийн 5, 22, 41 дүгээр хороогоор орвол хүсэлт гаргахаар ирсэн хүмүүс цөөнгүй байлаа. Долдугаар сарын 1-нээс өмнө өрхийн гишүүдийн тоо зөрсөн, үл хөдлөх нэмэгдсэн, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан талаар иргэд хороо, дүүрэгтээ багагүй хандаж буй аж.

Энэ талаар иргэн Я.Отгонцэцэг “Би зохих журмын дагуу хороон дээр очиж тодруулж асуусан. Би ипотекийн зээлтэй. Энэ зээлд үндэслэж намайг зээлээс хассан. Би охинтойгоо хоёулаа амьдардаг. Хүүхдийн мөнгөө аваад хадгаламжид хийчихэд ядахдаа сургалтын төлбөрт нэмэртэй” гэлээ. Иргэн Б.Мөнхшүр хэлэхдээ “E-mongolia” руу нь хүүхдийн мөнгө авах хүсэлт явуулахаар болохгүй. Хороо дүүрэг нь залгахаар халамж руу ярь гэдэг. Халамж нь болохоор хүүхдийн мөнгө нөхөж олгох талаар мэдэхгүй гэх юм. 11-11 рүү залгахаар хүүхдийн мөнгөний талаар шийд гараагүй болохоор гомдол, санал хүлээж авахгүй гэнэ. “E-mongolia”-аар мэдээллээ шинэчлээд хүүхдийн мөнгө авах хүсэлт авахгүй юм бол цахим монгол гэж ярихаа болих хэрэгтэй” гэж бухимдангуй хариуллаа.

Өөр нэгэн иргэнээс тодруулахад “Хорооны халамжийн ажилтанд хүүхдийн мөнгөний хүсэлтээ өгье гэсэн чинь ямар ч мэдээлэл ирээгүй байна гээд бүртгэхгүй байна лээ” гэсэн юм.

ЗАСГИЙН ГАЗРААС ЖУРАМ ГАРГАНА ГЭСЭН ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙГАА УЧРААС ХҮСЭЛТ АВАХГҮЙ 

Иргэдийн зүгээс машингүй, ипотекийн зээлээр авсан нэг байртай хэр нь өрхийн орлого өндөр гэх шалтгаанаар хүүхдийн мөнгөнөөс хасагдсандаа бухимдаж байгаагаа нуусангүй. Сүхбаатар дүүргийн … тоот хорооноос тодруулбал “Иргэдийн хамгийн их асууж байгаа асуулт хүүхдийн мөнгө. Одоогоор Засгийн газраас журам гаргана гэсэн хүлээлттэй байна. Журам батлагдвал цахимаар хүсэлтээ гаргах боломжгүй эцэг эхчүүд хороондоо хандаж болно. Энэ удаад мэдээллээ өмнө нь шинэчлүүлсэн иргэд “E-Mongolia”-р хүсэлтээ гаргавал хэн хэндээ төвөггүй. Маргаашаас халамжийн систем нээгдэх сурагтай байна” гэж хорооны ажилтан ярилаа. Иргэдийн зүгээс өмнөх байсан мэдээллийн дагуу чирэгдэлгүй хүүхдийн мөнгөө өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.

ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ӨГНӨ

Төсвийн тодотголыг баталснаар хүүхдийн мөнгөнөөс хасагдсан эцэг эхчүүд хүүхдийн мөнгөө нөхөн авах боломж бүрдэнэ. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан “Энэ удаагийн төсвийн тодотголоор хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох боломж өгч байгаа. Хүүхдийн мөнгөө Хүүхдийн төлөө фондод гэр бүлийнхээ болон хүүхдүүдийнхээ өмнөөс хандивлах боломжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгож байгаа. Энэ удаа бүтэн жилийн төсөв биш 2023 оны төсөвт тодотгол хийж байгаа тул тодотголоор бүх зүйлийг хамарч, шийдвэрлэх боломжгүй. Зөвхөн иргэдийнхээ бодит орлого, өрхийн орлогыг дэмжсэн төсвийн тодотгол хийж байгаа. Цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, зорилтот халамжийн тэтгэмж, нийслэлийн түгжрэл гэсэн таван асуудалд төвлөрч нийтдээ 1 их наяд 896,4 тэрбум төгрөгийн тодотгол хийж байгаа” гэсэн юм. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хүүхдийн мөнгийг нөхөж олгохтой холбогдуулан хүсэлт гаргах журам гаргаж, аль болох цахим, энгийн байдлаар зохион байгуулна. Хэрэв хүсвэл иргэн хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно. Татгалзвал автоматаар хүүхдийн төлөө фонд руу хандив болж орно” гэсэн юм.

Гэвч бодит байдалд төрийн байгууллагын уялдаа холбоогүйгээс иргэд дахин хүсэлт гаргаж мөнгөө авах болчхоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
БурууБуруу
14
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж