Беларусь улс түрэмгийлэлтэй тулгарах юм бол нутаг дэвсгэрт нь байрлуулсан Оросын тактикийн цөмийн зэвсэгийг эргэлзэлгүй ашиглана гэдгээ мэдэгдэв. "Өнөөдөртөө энэ зэвсгийг ашиглах хориотой байна. Гэхдээ Беларусь улс түрэмгийлэлтэй тулгарах юм бол эргэлзээд байх зүйл үгүй" гэж тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр /2023.06.13/ хэлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин энэ оны эхээр хөрш, холбоотон Беларусийн нутаг дэвсгэрт богино тусгалын цөмийн зэвсэгээ байршуулах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Энэ нь Украинд цэргийн тусламж үзүүлж буй барууныханд өгөх анхааруулга гэж тэр үзжээ. Цөмийн зэвсгээ Орос өөрсдийн хяналтдаа байлгана гэж Путин хэлсэн ч Лукашенкогийн мэдэгдэл үүнтэй зөрчилдөв. ОХУ одоогоор Лукашенкогийн мэдэгдэлд албан ёсоор хариу өгөөгүй байна.
Түүнчлэн "Беларусьд цөмийн зэвсэг байршуулах хүсэлтийг анх тавьсан хүн нь би. Энэ нь болзошгүй түрэмгийллээс сэргийлэх арга юм. Ийм зэвсэгтэй улстай тулалдахыг хэн ч хүсэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол урьдчилан сэргийлэх зэвсэг" гэж Лукашенко хэлжээ.
Путин, Лукашенко нар өнгөрсөн Баасан гаригт уулзсан. Энэ үед Путин цөмийн зэвсгийн байгууламж барих ажил долдугаар сарын 7-8-ны хооронд дуусна гэжээ. Байгууламжийн ажил дуусмагц цөмийн зэвсгийг Беларусийн нутаг дэвсгэр лүү яаралтай шилжүүлэх аж. Хэчнээн цөмийн зэвсэг Беларусь руу илгээх нь тодорхойгүй байна. АНУ-ын засгийн газрын үзэж буйгаар Орост 2000 орчим тактикийн цөмийн зэвсэг байдаг.
Беларусь нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхдаа Зөвлөлтийн цөмийн зэвсгийн багагүй хувийг эзэмшдэг байсан. Эдгээр зэвсгийг 1991 онд ЗХУ задран унасны дараа Орос руу эргүүлэн татжээ.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ