Фүжи уулыг зоригсодын тоо эрс өсч, уулан дээрх амралтын бүхээгийн эрэлт ч нэмэгдэж байна. Тиймээс хүмүүсийн ид ууланд авирдаг зуны улиралд тодорхой хязгаарлалтын дагуу аялал жуулчлалын бүс рүү нэвтрүүлэх гэх мэт хөл хөдөлгөөнийг хянах арга хэмжээ авах шаардлагатай болжээ. Энэ жил урьд өмнө байгаагүй хэмжээгээр олон хүн Фүжи ууланд авирах төлөвтэй байгааг орон нутгийн эрх баригчид болон аяллын компаниуд мэдээлэв.
Тиймээс холбогдох албан тушаалтнууд Даваа гаригт Яманаши мужийн захирагчид өргөдөл гаргажээ. Фүжи уулын хамгийн алдартай явган аяллын зам Яманаши мужид харьяалагддаг.
Фүжи уулыг зорих аялагчдын тоо эрс нэмэгдсэн нь нэгдүгээрт, Covid-19-ийн хязгаарлалт үгүй болж, гадаадын жуулчид ирэх болсонтой холбоотой. Хоёрдугаарт, энэ жил Фүжи уулыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэсэний 10 жилийн ой тохиож байна.
Японы хамгийн өндөр уул Фүжи нь 3776 метр бөгөөд жилийн ихэнх үед цасаар хучигдсан байдаг. Ууланд авирагчдын хувьд долдугаар сараас есдүгээр сарын хооронд авиралт нээлттэй. Нар мандахыг харах гэж олон мянгуулаа шөнийн авиралт хийдэг. Дундаа амрахгүйгээр шууд үргэлжлүүлэн авирах нь өндрийн өвчин, гипотерми үүсгэх эрсдэлтэй тул хүмүүс амралтын бүхээг захиалдаг аж. Түүнчлэн уулын бүс жуулчны хөлд дарагдсанаар чулууны нуралт үүсэх эрсдэлтэй.
Хэрвээ авирагчдын тоо хэт олширвол тодорхой хугацаанд аялал жуулчлалын бүс рүү нэвтрэхийг хориглох саналтай байна. Гэхдээ хэдэн аялагчийг хэт олон гэж тооцох вэ гэдгээ эрх баригчид мэдэгдээгүй.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ