Энэ жил “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулахаар болсон. Үндэсний их баяр наадмын нээлт хаалт, соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулах найруулагчийн багийн бүрэлдэхүүнийг баталжээ. Ингээд түүний багийг танилцуулъя. Ерөнхий продюсераар "Sweetmotion" хамтлагийн дуучин Э.Ганболор, ассистант найруулагчаар А.Чингүн, дууны найруулагч Д.Мөнх-Оргил, төслийн менежер О.Анужин нар ажиллана. Харин наадмын нээлт хаалтын үйл ажиллагааны зөвлөх багт Ардын багш, Шинжлэх ухааны доктор С.Дулам, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Болд, Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар нар багтжээ.
Уран бүтээлчид /2023.06.12/ Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт, хаалтын бэлтгэл хийхээр хүлээн авсан байна. Өнгөрсөн 2022 онд наадмын төсөвт гурван тэрбум төгрөг төсөвлөж, тодотголоор хасагдаж 2.3 тэрбум төгрөг болсон. Харин энэ жилийнх тодорхой болоогүй байна. Соёлын яамнаас эхний байдлаар тодорхой хэмжээний санхүүжилтыг шийдэж, баяр наадмын бэлтгэлээ эхлүүлэхээр болжээ.
Найруулагч Б.Анар нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны зээнцэр бөгөөд энэ тухайгаа олон нийтэд зарладаггүй.
Түүний үүсгэн байгуулсан “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчид сүүлийн үед "Харанга", "Ice Top", "Татар" хамтлаг, дуучин Т.Ариунаа зэрэг хамтлаг, дуучдын ойн тоглолт, клип хийхээс гадна реклам, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулжээ.
Үндэсний их баяр наадмын найруулагчаар сүүлийн жилүүдэд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатар нар ажилласан. Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. "Херо" Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан. Учир нь өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт үзэгчгүй наадам хийсэн нь олны шүүмжлэл дагуулсан юм.
Холбоотой мэдээ