ОХУ-ын ерөнхийлөгч Путин өчигдөр /2023.06.13/ сэтгүүлчидтэй уулзаж, дайны талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгчээ. Тэрбээр "Өөрийн нутаг дэвсгэрийг хамгаалахын тулд Украины илүү их газар нутгийг булаан авах тушаал өгч болно. Украины арми сөрөг довтолгооноос маш их хохирол амссан" гэж хэллээ. Путины мэдэгдсэнээр сүүлийн өдрүүдэд Украин 160 танк, 360 гаруй хуягт техникээ алдсан бол Орос 54 танк алдсан гэв. Мөн Оросын хил орчмын бүс нутгууд халдлагад өртөж буй тул ийм халдлагыг зогсоох арга хэмжээ авч магадгүй байна.
Одоогоор хэсэгчилсэн дайчилгаа зарлах шаардлагагүй гэж Путин хэллээ. "Цаашид цэрэг татах эсэх нь ОХУ юунд хүрэхийг хүсч байгаагаас хамаарна. Зарим ажиглагчид бидэнд нэг сая, хоёр сая цэрэг хэрэгтэй гэж хэлж байна. Мөн бидэнд Украиныг дуурайж дайны байдал зарлах шаардлага байхгүй. Улс оронд ямар нэгэн онцгой дэглэм, байлдааны хууль тогтоох үндэслэл байхгүй" гэв. Эргэн сануулахад, өнгөрсөн жил хэсэгчилсэн дайчилгаагаар 300 мянган цэрэг татсан.
Украины ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн Бямба гаригт буюу зургадугаар сарын 10-ны өдөр сөрөг довтолгоо эхэлсэн гэдгийг албан ёсоор зарласан. Харин Путин хэлэхдээ сөрөг довтолгоо зургадугаар сарын 4-нд эхэлсэн гэлээ.
ОХУ-ын армийн зэвсгийн хангамжийн талаар Путин ярьсан. "Оросын зэвсгийн чанар сайжирч байгаа ч өндөр нарийвчлалтай сум, нисгэгчгүй онгоц дутагдаж байна. Цэргийн тусгай ажиллагааны явцад олон зүйл дутагдаж байгаа нь тодорхой болсон. Бидэнд байхын хувьд байгаа ч хангалттай биш. Бид энхийн хэлэлцээнд нээлттэй боловч мөргөлдөөнийг зогсоох ганц арга нь барууны орнууд Киевт зэвсэг нийлүүлэхгүй байх явдал юм" гэв.
Дашрамд дурдахад, ОХУ сүүлийн нэг жилийн хугацаанд гол зэвсгийн үйлдвэрлэлээ 2.7 дахин нэмэгдүүлсэн.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ