Засгийн газрын өнөөдрийн халуун сэдэв махны үнэ

Хуучирсан мэдээ: 2023.06.14-нд нийтлэгдсэн

Засгийн газрын өнөөдрийн халуун сэдэв махны үнэ

Засгийн газрын өнөөдрийн халуун сэдэв махны үнэ

Махны үнэ цойлсоор нэг кг үхрийн мах 26 мянган төгрөгт хүрсэн нь Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээс аргагүйд хүргээд байна.

Учир нь, валютын нөөц нэмэгдсэнээр долларын ханш бууж байгаа ч дотоодод “үйлдвэрлэдэг” махны үнэ буурахгүй харин ч өссөөр буй нь инфляцыг өдөөх гол шалтгаан болсоор байгаа юм.

Монгол Улс  71 сая толгой малтай, жил бүрийн намар нөөцийн мах бэлтгүүлж, нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж, хавар худалдаанд гаргадаг. Гэвч нөөцийн мах худалдаанд гаргаад ч үнийг бууруулж чадаагүй юм. Махны үнэ өссөн шалтгааныг нэгдүгээр, нөөцийн махны үнэ өссөн, хоёрдугаарт махыг их хэмжээгээр экспортод гаргасан, гуравдугаарт мал их хэмжээгээр хорогдсон зэргээс болж, нийлүүлэлт буурсан гэж ченжүүд тайлбарлах болсон.

Нөгөөтэйгүүр, малчны хотонд төлөг 100 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол “Хүчит шонхор” захад зарагдахаар нэг кг хонины цул мах 16000 төгрөгөөр худалдаалагдаж буй. Ийн ханш өсөхөд ченжүүд нөлөөлж байна гэж үзэх нь бий. Гэвч олон жилийн турш энэ жишгээр махны худалдаа явж ирсэн.

Гэхдээ зуны сар гарахад махны үнэ буурдаг жишигтэй ч өнөө жил улам өссөөр буй нь анхаарал татах болсон.

Иймээс Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэнэ гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгоод буй.

Энэ талаар тэрбээр “Махыг малчны хотноос дэлгүүрийн лангуун дээр очих хугацаан дахь төрийн зүгээс учруулдаг бүх төрлийн саад бэрхшээлүүдийг арилгавал нийлүүлэлт нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлэх учиртай. Үүнтэй холбоотой асуудлуудыг Засгийн газрын маргаашийн (өнөөдрийн) хуралдаанаар ярихаар төлөвлөж байна” гэж хэлсэн юм.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын дарга Н.Мандуул энэ сарын 6-наас эхлэн төрөөс 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудад ШӨХТГ-ын зүгээс шалгалт оруулж эхэллээ гэдгээ мэдэгдсэн.

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 онд батлагдсан байдаг. Уг хуулийн хүрээнд мах, гурилын үйлдвэр эрхэлдэг нэр бүхий компаниудад төрөөс нийт 90 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон нь хомстлоос сэргийлэх, үнийг тогтвортой байлгах үүрэг хүлээсэн. Тэгвэл энэ үүргээ биелүүлсэн эсэхэд тус газар шалгалт явуулж буй юм.  Иймээс шалгалтын дүн хэрхэн гарсан бэ гэдэг ч анхаарал татах бас нэг асуудал юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж