Зовлонг тэгш хүртээх зүүнтнүүд…

Хуучирсан мэдээ: 2023.06.14-нд нийтлэгдсэн

Зовлонг тэгш хүртээх зүүнтнүүд…

Зовлонг тэгш хүртээх зүүнтнүүд…

Сонгууль болгоноор хуулиа өөрчилдөг ёсоороо УИХ-ынхан сонгогдох боломжоо хуульд тусгахаар улайрчээ. Иргэд УИХ-ын гишүүнийг олон болгохыг дэмжсэн л гэнэ. Ингэж иргэдийн нэрийг бариад, сонгогчид хэлсэн мэтээр өөрсдийнхөө Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийв. Иргэд хүсээд байсан юм бол санал асуулга явуулах нь яалаа. Төсвийн мөнгийг хэмнэсэндээ бус үр дүн өөрсдийнх нь санаснаас өөр гарах болохоор тэр…

МАН өнгөрсөн хугацаанд иймэрхүү байдлаар хүний гараар могой бариулахдаа сурамгай дадлагжсан бөгөөд ямагт тулгалтаар, хүсэлтээр хийж байгаа дүр үзүүлнэ. АН-ыг эрх барих үед нь хөөрхөөн гэгч нь засгийг нь огцруулчихдаг бол өөрсдөө эрх барихаараа бусдаар хүслээ хангана. Эд сүрхийдээ ч биш бусад нь тэднээс ялгаагүй болохоор тэр. Үүний өмнө давхар дээл өмсөх өөрчлөлт оруулахдаа могой бариулсан хүн нь  Т.Доржханд. Сая ч түүнийг болон АН-ыг, бусад жижиг намуудын хамт Сонгуулийн хуулийн өөрчлөлт, хүйсийн тэгш харьцааг тусгах төслөө бариулав. Бид биш бүгдээрээ л ингэж шийдсэн гэж хожим нохойтохоо мэднэ. Тэд сүүлийн үед хүний эрх, эрх чөлөөний асуудалд дор хаяж гурван хувилбар дэвшүүлдэг болсон. Нэг нь коммунист, нөгөө нь капиталист, гудав дахь нь дундын хувилбар. Иргэдийг талцуулж байгаад өөрсдийн хэрэгтэй дундын хувилбараа гаргаад ирэх жишээтэй. Энэ хооронд халамж, бэлэн мөнгө тараахаас эхлээд элдэв гэнэтийн бэлэг дагуулна. Мөнгө тарааж байгаад л эрх чөлөө рүү нь халдана. Гаргах шийдвэрээ сошиал орчинд сэвж байгаад олон нийтийг тандчих жишээтэй. Ер нь аливаа асуудал болгонд ингэж хандана. Адгийн, аймхай хүмүүсийн л хийдэг ажил. Тэгсэн хэрнээ өөрсдийгөө эх орончид гэж өргөмжилнө. Намын баяраа тэгж тэмдэг. Харин "эх орон" гээч тэдний сүүлчийн нөмрөх бамбай. Нүглээ халхавчлах нөмрөг болдог. Бодит байдал дээр эх орныхоо төлөө цохилох зүрх болгоныг мохоож, дарж, дэвсэлж ирсэн адгийн түүх тэднийх.

30 ГЭР БҮЛ ХЭМЭЭХ ДОГМА 

Ерөнхийлөгч байхдаа Х.Баттулга Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын тогтоолд хориг тавьсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “…Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон 30 гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг нь хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байгаа. Эдгээр 30 гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тухай хуулийг үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байгаа” гэж тайлбарласан юм. Энэ пропогандаг МАН хамгийн овжин ашигласан. Н.Номтойбаярыг энэ 30 гэр бүлийн нэг мөнийг У.Хүрэлсүх хэлж л байлаа. Монгол нийтээрээ ядуу учраас энэ үг шууд л бухимдахад хүргэв. Баячуудыг үзэн ядав. Эрх баригчид илүү их мөнгө төвлөрүүлэхээр Марксын капитализмыг устгах онолыг шүүрч аваад шаталсан татварыг хэрэгжүүлэв. Өнөөдөр өндөр орлоготой хэн боловч үнэнээр орлогоо мэдүүлэхгүй байхыг хүснэ.

Энэ явдал эрх чөлөөний эх орон гэгддэг АНУ-д ч хоёр зууны өмнө гарч байжээ. 1890 онд Америкийн хамгийн баян 9% нь үндэсний баялгийн бараг 75% -ийг эзэмшиж байжээ. Энэ үед чөлөөт зах зээлийн эсрэг үзэл газар авсан бөгөөд америкчуудын зарим нь социализмын үзэл санаанд татагдахад хүрсэн аж. Энэ үеэр зүүнтнүүд нийт хүн амын 1-2%-д нийт баялаг очсон гэж пропоганда явуулжээ. Түүний үр дүнд шаталсан татварын АНУ-д бий болгов. Ингэхдээ 1894 онд 4000 доллараас дээш орлоготой хүнээс 2-3%-ийн татвар авдаг болж эхлэв. Үр дүнд нь эрх чөлөөний үндсэн үзэл санаа гуйвжээ.

Монголд үүнээс хорин жилийн дараа оросуудын тулгасан анхдугаар Үндсэн хуулийн дараанаас ангийн дайсан гэж үзсэн феодалуудаас илүү их татвар ногдуулах болсон төдийгүй өмчийг нь хураасан хэрнээ ажил хийх боломжийг нь хориглож, хийсэн ч энгийн иргэнээс хэд дахин доогуур хөлсийг нь олгох байдлаар эхэлсэн гадуурхалт эцэстээ бослого дэгдээхэд хүргэж, их хэлмэгдүүлэлтийг хийхэд хүргэжээ. Харин эрх баригчид бүгдийг нь ядуу, тарчиг байлгах бодлогыг барьдаг болсон бөгөөд тэр шаталсан татвараас эхлээд хавтгайрсан халамжийн бодлогоор нь илэрдэг. Хүүхдийн мөнгийг 91%-д олгоно. Үлдсэн өндөр орлоготой 9%-д олгохгүй гэж ялгаварлан гадуурхснаа сонгууль дөхмөгч бүгдэд нь олгохоор болж байна. 9% үнэхээр нийт хүн амын статистик үү эсвэл 20-30 хувийн хийдэл үү гэдэгт одоо эргэлзэж эхэлмээр. Учир нь бүгд хүүхдийн мөнгөнөөсөө хасагдсан гэх ч бодит "гуйлгачид" хэвээрээ байгаа нь эргэлзээ төрүүлнэ. Ер нь улстөрчдийн ярьдаг "нүүрсний мафи", "Шударга бусын хонгил", "30 гэр бүл", "Хил доогуур ухсан баялаг зөөх хоолой", "Илүү эрхтэнтэй мал", "Танк орж ирэх төмөр зам", "МАНАН бүлэглэл" гэдэг нь өөрсдийгөө дөвийлгөж, иргэдийн дэмжлэгээр бусдыгаа намнах гэсэн атгаг санаа байснаас бус адилхан л хулгайчид биш юмаа гэхэд арчаагүй завшигчид, аялдан дагагчид болох нь өдрөөс өдөрт тодорсоор байна. Үүнийг нь дагаж давалгаалдаг ч бид ч өрөвдөлтэй амьтас…

НИЙТИЙН НЭРЭЭР ТОНУУЛ 

Хотыг ослын орц, гарцгүй болтол нь газрыг наймаалцсан учраас шинээр газар гаргахаар Д.Сумъяабазар дарга гараашуудыг газартай нь тэгшилж байна. Зөвшөөрөлгүй гэх шалтгаанаар шүү дээ. "Надад та нар шиг барьсан гарааш, газар байхгүй" гэх үгийг бамбай болгон гарааш руу дайрах компанийнхан хэний хүчинд ажилтай байгаагаа ч ойлгохгүй нь харамсалтай. Өнөөдөр зөвшөөрөлгүй барилгаа бариад дууссан хойноо зөвшөөрлөө авдаг жишиг Монголд тогтоогүй юу. Иргэдийн өмчийг жишимч үгүй газартай нь тэгшилж байгаагаа "нийтийн эрх ашиг" гэх нэрээр халхавчилж суухдаа хотоо бодсон болов уу, хожим эргэлтэд оруулахаа төсөөлөө болов уу? Иргэд ч чинээлэг давхаргад дургүй болохоор машинаа хөлдөөх аюултай болсон нэгнээ хараад "Адилхан ил тавьдаг боллоо. хохь чинь" гэсэн янзтай хараах ажээ. Гэтэл хотын дарга асан өнөөгийн Шадар сайд С.Амарсайханы ах, дүү нарын  хядсан бургас ургаагүй. Босгосон балгас нурсангүй. Ийм байх нь Монголд шударга ёс. Эрдэнэтээс эхлээд идэж, тонох төрийн өмчийг л эрх баригчид иргэдийн сайн сайхны нэрээр зузаатгаж буй. Үр дүнд нь бид улам бүр төрөөс хамааралтай болов. Хүндэт харуулыг тоглолтынхоо дундуур гаргаж ирж гутаалаа гээд л шуугиад байхаас дарга нарынх нь халаас хэрхэн түнтийж буйг хэн ч хардахгүй нь хачирхмаар…

Өнөөдөр улстөрчид хамгийн ихээр тэгш боломж, тэгш байдлын талаар ярьдаг ч хамгийн ихээр давхар эрх эдэлдэг. Тэгш байдлыг ярих тусам ямар их ялзарч байгааг бүгдээрээ харсан хэр нь хууртсаар л сууна. Өнөөдөр хүйсийн тэгш байдлыг хамгийн их ярьж байна. Үнэндээ эмэгтэйчүүдийг нэрийг барин Их хуралд илүү кноптой болох тухайгаа л ярьж буй болохоос эмэгтэйчүүдийг бодсондоо биш л дээ. Эмэгтэйчүүдийг их хуралд оруулж ирэхгүй бол авлига гаараад байгаа мэтээр, хүнлэг нинжин сэтгэл дутаад буйгаар, өрх толгойлсон эмэгтэйчүүд өссөн үзүүлэлт, гэр бүлийн хүчирхийлэл гаарсан шалтагаар тайлбарлаж байна.  Троллууд нь ч даргадаа даруулаагүй эмэгтэй хүн ховор гэж хөөрхий төрийн албаны хүүхнүүдийг гүтгэх энүүхэнд байна. УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдээс харахад тэд энэ бүхний эсрэг тэмцсэнийг мэдэхгүй юм. Харин "Засгийн газар эмэгтэйчүүдэд квот олго" гэж баруун зүүнгүй, нам харгалзахгүй гарч ирсэнийг сайн мэднэ. Улсыг удирдах хүмүүсийг сонгохдоо ноён нуруу, холч хараа, мэдлэг ухааныг гол болгодог монголчуудын олон мянганы уламжлал ингээд хүйсээр нь, өөр бусад онцлогоор нь хувь тэнцүүлэх зам руу оров. Сонгогчдын эрхэнд шууд халдахыг тэд санаархаж байна. Дараагийн удаад шашнаас эхлээд элдэв давхаргын төлөөлөл ярихад нэг алхам ойртов. Энэ мэтээр хамгийн ихээр ялгаварлах бодлогыг зүүнтнүүд барьдаг.

Уинстон Черчиллийн хэлсэнчлэн "Социализм бол бүтэлгүйтлийн тухай философи, мунхгийн итгэл үнэмшил, атаархлын дуу хоолой. Түүний төрөлх араншин бол зовлонг тэгш хуваах явдал" гэдэг нь амьдрал дээр батлагдаад байна. Таны өмнөөс хөгжүүлэх, жаргуулах, эмчлэх, сайжруулах тухай ярих юм бол уруудах, зовоох, үхүүлэх, муужруулах тухай байдгийг үйл явдал болгон батална. Худлаа гэвэл элдэв дэмжих нэртэй сангуудаа хар л даа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж