"Ээж бас иргэн хүний хувьд Үндсэн хуулиар олгогдсон дуугүй байх эрхээ эдэлнэ"

Хуучирсан мэдээ: 2023.06.14-нд нийтлэгдсэн

"Ээж бас иргэн хүний хувьд Үндсэн хуулиар олгогдсон дуугүй байх эрхээ эдэлнэ"

"Ээж бас иргэн хүний хувьд Үндсэн хуулиар олгогдсон дуугүй байх эрхээ эдэлнэ"

-Иргэдийн  оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт орууллаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хууль нэгэнт батлагдаад бандан тас болчихлоо л доо. Гэсэн хэдий ч миний хувьд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал дээр эсрэг байр суурьтай байсан. Анхнаасаа 150 , 126 болгохыг ч эсэргүүцсэн. Ер нь бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй гэдэг байр суурийг хатуу баримталж байсан. Харин пропорциональ тогтолцооноос татгалздаг хүн байдаггүй. Монгол Улс мажоритар болон пропорциональ тогтолцоо аль алийг нь хэрэглэж байсан. Аль ч тогтолцоог нийгэм хүлээн зөвшөөрөхөд бэлэн. Энэ  бол нийгмийг хагаралд хүргэдэг сэдэв биш л дээ. Энэ утгаараа сонгуулийн тогтолцоо ямар байхаас үл хамаарч гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй гэдэг үзэл баримтлал дээр манай нам зогссон.

-Иргэдийн оролцооны нам Улсын дээд шүүхэд бүртгүүлээд жил орчим болж байна. Энэ хугацаанд үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах, намын гишүүдээ тэлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллав?

-Манай нам 2021 оны тавдугаар сарын 12-нд байгуулагдсан. Бид дээд шүүхэд намаа бүртгүүлэхэд бүтэн жил  зарцуулсан. Ингээд 2022 оны тавдугаар сарын 20-нд дээд шүүхэд бүртгүүлсэн. Өнгөрсөн хугацаанд нөхөн сонгууль зарлагдсан гурван газар сонгуульд оролцох хүсэлтээ илгээсэн. Баянгол дүүргийн хувьд орон нутгийн сонгуулиа зохион байгуулж чадахгүй Сонгуулийн хороо нь задарч, бутарсан учраас манай намаас бүртгүүлж чадаагүй. Сүхбаатар дүүрэг манай намын өргөдлийг бүртгээгүй учраас Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын тойрог дээр Иргэдийн оролцооны нэгдэл намаас анхны нэр дэвшигч маань нөхөн сонгуульд дэвшээд явж байна.

-Намынхаа  үндсэн бодлого, нэр дэвшигчийг олон нийтэд танилцуулах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байна?

-Манай намын гол онцлог бол иргэдийн оролцоон дээр суурилдаг. Манай намын соёл бол иргэдийн оролцоон дээр тулгуурласан нам байх зорилготой. Тиймээс манай намаас нэр дэвшигчид бол жирийн л иргэд байх юм. Мөн нэр дэвшигчээсээ шаардаж байгаа мөнгө төгрөг нь жирийн нэг иргэн цалингаараа амьдраад оролцож чадахуйц тийм хэмжээний санхүүгийн боломжийг шаарддаг. Мөн оролцоог мөнгөнөөс илүү үнэлдэг. Өөрөөр хэлбэл, ардчиллын суурь үндэс бол иргэдийн идэвхтэй оролцоо.  Монгол Улс ардчилсан соёлтой, ардчилсан улс байхын тулд оролцооны соёлыг түгээн дэлгэрүүлэх ёстой.  Намынхаа анхны нэр дэвшигчийн анхны ухуулагчаар нь би өөрөө очиж ажилласан.

Ухуулагчаар ажиллах оролцоо нь намын дарга байгаад дээрээс тушаахаас илүү чухал юм гэдгийг харуулах зорилго надад байсан.  Манай намын бусад гишүүд ч мөн Өвөрхангай аймагт ээлжээр очиж ухуулагчаар ажиллаж нэр дэвшигчээ дэмжиж ажилласан.

Өөрийн биеэр оролцож, дэмжих, саналаа өгөх, сонгуульд оролцох нь Монголын ардчиллыг бат бэх байлгадаг. Энэ оролцооныхоо хүчээр Монгол Улс хүчтэй улс болж чадна.

-Улс төрийн намуудын нэр хүнд муу, иргэд намаас дөлсөн зугтсан байдалтай ийм үед шинэ нам байгуулж, эрх мэдэлгүй, мөнгө төгрөггүйгээр улс төрийн ууган намуудтай өрсөлдөх амаргүй биш гэж үү?

-Улс төрийн намуудын нэр хүнд шалаар нэг болтлоо уначхаад байгаагийн гол шалтгаан бол мөнгө. Учир нь намууд намын сүлжээгээ мөнгөний сүлжээ болгож хувиргасан. Эргээд тэр мөнгөнийхөө сүлжээг тэжээхийн тулд улсаасаа хулгай хийдэг болсон. Иргэд үүнд ялгаа заагтай ханддаг болсон. Манай нам улсаасаа юу ч хулгай хийхгүй, байхгүй мөнгийг гишүүд, дэмжигчдээсээ шаардахгүй учраас анхнаасаа бага мөнгөөр ажилладаг нам байх зорилго тавьсан.

Бага мөнгөөр намаа удирдаж,  улс төрийн сонгуульд оролцох, дэвших, мэтгэлцэх, сурталчилж, сурна. Ингэж чадах юм бол улсаасаа хулгай хийдэггүй улстөрчдийг намаасаа төрүүлнэ. Үүний тулд сонгуулиа даруухан хий,  сурталчилгааныхаа материалыг аль болох бага зардлаар авсаархан хэвлүүл, тэгээд өөрсдөө их алх, олон иргэдтэй уулз гэсэн зарчим баримталж байна.

Дээр нь үнэ төлбөргүй байгаа цахим орчин, цахим платформуудыг сайн ашиглаж сур гэх мэт олон хичээл, сургалтыг нэр дэвшигч нартаа зааж байна. Иргэдийн оролцооны нэгдсэн нам оролцоо ихтэй, мөнгөний шаардлага бага нам. Тийм учраас манай намд эмэгтэй ч олноороо элсэж байна.

-Ямар ч улс төрийн намд иргэдийн дэмжлэг авах асуудал чухлаар тавигдана. Тэгвэл сонгогч, иргэдийн хувьд  эд материал, мөнгө төгрөг, бэлэг сэлт тараадаггүй намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийг хүлээж авах, түүнд саналаа өгөх сонгогчийн суурь боловсрол хөрс нь хараахан бүрдээгүй байгаа юм биш үү?

-Энэ асуудалд яах ч аргагүй цаг хугацааны асуудал яригдана.  Тухайлбал, иргэд улстөрч болж иргэдийг төлөөлөх эрх мэдэлд хүрсэн хүмүүс нь хаанаас юу ч битгий хулгайлаасай, төрд цэвэр хүмүүс л гараасай гэж бодож, хүсч л байгаа бол мөнгөнөөс хараат бус, ашиг сонирхлын зөрчилгүй хүнийг л сонгох ёстой. Гэтэл тэгж бодоод байгаа мөртлөө “Мөнгөтэй хүн ирээд надад мөнгө, хандив өгөөсэй, бэлэг тараагаасай” гэж бодоод байвал тухайн хүн хүсч байгаа зүйлийнхээ эсрэг кноп дарна гэсэн үг. Тиймээс сонгогчид юу хүсч байгаа дотоод хүсэл, мөн чанараа ойлгомжтой болгоход хугацаа хэрэгтэй байдаг. Тиймээс манай нам иргэддээ хугацаа хангалттай өгнө.

Иргэдийн оролцооны нэгдэл нам иргэн бүрийг нэг өдрийн дотор өөрчлөгд гэж хүчээр шахаж, өөрчилж чадахгүй.

Тухайн иргэн өөрийнхөө алсын хараагаар ирээдүйд улс төрийг даруухан хийдэг нам улс төсөвт хэмнэлттэй, иргэдийнхээ боломжийг хулгайлдаггүй гэдгийг ойлгож, нэр дэвшигчдийг өөр нүдээр хардаг болно.

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ ДЭЭР КОНЦЕВЦИЙН ХЭД ХЭДЭН НОЦТОЙ АЛДАА БАЙНА 

-Танай намд эмэгтэй гишүүдийн тоо өндөр байгаа гэж ойлголоо. Жендерийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийн асуудал хөндөгдөж байгаа энэ үед Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотын асуудал чухлаар яригдаж байна. тэгш эрх, тэгш оролцоог хангахад яаж анхаарах вэ?

-Манай намын хувьд эрэгтэйчүүдийн квотын асуудал хөндөгдөхөөр байна. Манай намаас нэр дэвшигчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байхаар байна. Намын удирдлагын 80 хувь нь эмэгтэйчүүд байна. Тиймээс  бидний хувьд хүйсийн тэгш байдлын асуудал бол эрэгтэйчүүдийн оролцоог яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарч байна.

Магадгүй улсын бүртгэлд бүртгүүлсэн 37 намаас жендерийн асуудал дээр эрэгтэйчүүдийн жендерийг ярих цор ганц нам нь манай нам байх болов уу.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээр хуралд оролцож байхад  Азийн улс орнууд дотор Монгол Улс эмэгтэйчүүдийн оролцоо сайн байдаг орны тоонд орж байна. Монголд  жендерийн тэгш байдал улам нэмэгдвэл бусад орнуудад илүү сайн үлгэр жишээ болно гэдгийг голчлон ярьж байна. Тэр дундаа улс төрийн нам дотор эмэгтэйчүүдийн оролцоог өндөр хувьд хүргэсэн манай намын гол нууц бол мөнгөний босгыг халсан явдал. Эмэгтэйчүүдийг улс төрд ороход хамгийн том саад учруулдаг зүйл бол квотоос илүү мөнгө байдаг. Тухайлбал, Ардчилсан намаас нэр дэвшихийн тулд 100 сая төгрөг төлөх эмэгтэй хүн ховор, МАН-аас сайд болохын тулд тэрбум төгрөг өг гэвэл бас л өгөх хүн олдохгүй. Ийм байдлаар улс төрийг мөнгөжүүлчихсэн намуудад эмэгтэйчүүд дээшээ гарч, удирдах түвшинд ажиллана гэдэг асар хэцүү.

Мөнгөнд тулгуурласан биш оролцоонд тулгуурласан үнэлгээ дээр эмэгтэйчүүд хүч түрэн орж ирдэг юм байна.

-Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал дээр та ямар саналтай байгаа вэ. Үнэхээр улс төрийн намууд шилэн, шинэчлэгдсэн, шударга байх эхлэлийг уг хуулиар бий болгож чадах болов уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оруулж ирсэн Улс төрийн намын тухай хууль дээр концевцийн хэд хэдэн ноцтой алдаа байна гэж харж байгаа.  Нэгдүгээрт, улс төрийн намуудыг төрийн ямар нэгэн албаны салаа мөчир гэж харж, төрийн захиргаанд байлгахыг хүсч байгаа нь маш буруу хандлага. Хоёрдугаарт, сонгуульд оролцох гэдэг бол улс төрийн намуудад  олгогдсон эрх. Гэтэл тэр эрхийг үүрэгжүүлчихээд байна. Эрхийг үүрэгжүүлж болохгүй. Эрхийг эрхээр нь үлдээх ёстой. Намууд сонгуульд оролцох, оролцохгүй байх нь намуудын эрх. Гэтэл заавал оролцох талаар үүрэгжүүлж оролцохгүй бол татан буулгана, түдгэлзүүлнэ гэх мэтээр шийтгэлийн элемент оруулж ирж байгаа нь маш буруу. Гуравдугаарт, улс төрийн нам доторх гишүүд улс төрийн намд элсэх, татвараа төлөх төлөхгүйгээ өөрөө шийдэх эрхтэй байх ёстой. Гэтэл энэ эрхийг нь бас үүрэгжүүлж байна. “Та нэгэнт улс төрийн намд элссэн бол заавал татвараа төлөх ёстой” гэх мэт. Улс төрийн намын гишүүн нь татвараа төлөхгүй бол намууд гишүүдийнхээ данс руу халдаж албадан гаргах юм уу. Энэ мэтчилэн хэрэгжүүлэх ямар ч боломжгүй, эвлэлдэн нэгдэх эрхийг гажуудуулсан, үүрэгжүүлсэн буруу концевцууд явж байна.

Эдгээр гажуудлуудыг засч залруулж гаргахгүй бол Улс төрийн намын тухай хууль Монгол Улсын иргэн бүрийн эвлэлдэн нэгдэх, эрх, эрх чөлөөнд халдсан, Үндсэн хууль зөрчсөн хууль болох гээд байна.

Тиймээс одоо байгаа концевциороо батлагдах юм бол энэ хууль дээр Үндсэн хууль зөрчсөн маш олон маргаан гарах учраас Үндсэн хуулийн Цэцийн маргааны гол бай болох байх. Хэрэв эдгээр алдааг засч гаргаж чадвал зарим нэг дэвшилттэй заалтууд бий. Үндсэн хуулиар олгогдсон эрх бүрийг үүрэг болгож оруулсан. Энэ бол ардчиллыг тэр чигээр нь дарангуйлал болгож хувиргах алга урвуулалт юм. Үндсэн хуулиар олгогдсон эрхийг төрийн бахинд аваачиж хавчих гээд байвал Үндсэн хуулийн зөрчил үүснэ.

-Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгосноор авлигын эх үүсвэрийг таслан зогсоох боломжтой гэж үзэж байгаа. Энэ хэр бодитой асуудал бол?

-Үүнд би итгэхгүй байна. Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод, шилэн болгоод авлигаас ангижирч асуудлууд ард хоцорно гэдэг худлаа. Учир нь өнөөдрийг хүртэл 100 жил төрөөс дэмжлэг аваад, их хэмжээний санхүүжилт авсан МАН нэг ч төгрөгийн тайлангаа төрд, иргэдэд  тавиагүй. Тиймээс МАН төрөөс дэмжлэг авсан 100 жилийн мөнгийг ил болгосны дараа энэ асуудлыг ярих ёстой.

Мөн АН болоод бусад намууд төрөөс авсан мөнгөнийхөө тайланг ил болгох ёстой. Эдгээр тайланг ил болгоогүй байхад дараагийн мөнгөний тухай ямар ч яриа байж болохгүй.Өмнөх мөнгөнийхөө тайланг аваагүй байхад дараагийн мөнгийг харанхуй батлах гэж байна.

Татвар төлөгчдийн хэчнээн төгрөгийн санхүүжилт аваад, ямар нам бий болгочхоод, иргэдийн дунд нэр хүнд нь ямар байна вэ. Монгол Улсын иргэд нийт хэчнээн намд хэдэн төгрөг төлөв гэдгийг жил жилээр нь гаргаж танилцуулмаар байна.

-Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэхгүй бол хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний халаасанд орох, гадаадын аль нэг улсаас санхүүжилт авах эрсдэлтэй гэж үздэг. Тийм ч учраас шинээр байгуулагдаж байгаа намуудыг гаднаас санхүүжилт авчихлаа гэх хардлага одоо ч байгаа шүү дээ?

-Манай нам намынхаа санхүүжилтийг ил тод, шилэн тавьдаг. Хоёрдугаарт маш бага мөнгөөр үйл ажиллагааг явуулдаг.  Хуулийн дагуу улирал бүр тайлангаа гаргадаг. Манай нам 2021 онд 30 гаруй сая, 2022 онд 11 сая төгрөгөөр санхүүжсэн тайлантай байна. Харин 2023 оны хувьд эдгээр үнийн дүнгээс бага зэрэг өссөн үзүүлэлттэй гарах болов уу.Учир нь нөхөн сонгуульд оролцож байна. Сонгуулийн тайлан мөн л тусдаа гардаг. Тухайлбал, Өвөрхангай аймагт болж байгаа орон нутгийн сонгуульд иргэд, намын гишүүд өөр өөрсдийн боломжоор 20,30 мянгант төгрөг нийлүүлж, нэр дэвшигч сая гаруй төгрөгт багтаж сонгуулиа явуулж байна.

Бид том мөнгөгүй том бизнес эрхлэгчдээс хараат болчихгүй, хэн нэгний халаасанд орчихгүй, гадаадаас мөнгө авахгүйгээр эвлэлдэн нэгдэж болдог, чаддаг гэдгийг алхам тутамдаа үзүүлж байгаа.

Манай нам одоогийн байдлаар 5400 гишүүнтэй байна. Татвараа төлсөн 599 гишүүн байна. Нийт 13 салбар байгуулагдаад байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр удаа аудитын шалгалт хийлгэсэн. Улс төрийн намуудыг эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсээс хамааралтай болчих вий гэж айгаад байгаа хүмүүст хандаж хэлэхэд намынхаа үйл ажиллагааг даруухан болгочих. Тэгвэл хэнээс ч хараат болохгүй.

-Эцэст нь таны хүү Б.Идэр-Одыг хуулийн байгууллагаас интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл өгсөн. Гэсэн хэдий ч Б.Идэр-од энэ бол улс төр гэсэн хариултыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан өгсөн. Та өрнөж байгаа процессыг ээж хүний хувьд, улстөрч хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт заасан хүн гэр бүлийнхээ асуудлаар дуугарахгүй байж болно гэх эрх байдаг. Энэ эрхээ эдэлнэ. Анх энэ асуудал яригдаж эхлэх үед монгол хүний хувьд Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхтэй хүний хувьд, ээж хүний хувьд өөрийн гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой асуудал дээр дуугүй байх эрхээ эдэлнэ. Энэ эрхийг Монгол Улсын иргэн бүр эдлэх эрхтэй.  Энэ хэргийн тухайд цаг нь болохоор учир нь олдох байлгүй дээ.

-Таны эрхийг хүндэтгэж байна. Баярлалаа.

-Танд баярлалаа

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж