УИХ-ын дарга Г.Занданшатар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцож буй БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн ерөнхийлөгч Юн Мин Ким, тус сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны коллежийн Эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч Юна Ли болон Эмэгтэйчүүдийн судалгааны тэнхимийн профессор, Солонгосын эмэгтэйчүүдийн сангийн тэргүүн Пилва Чанг нартай уулзлаа.
БНСУ-ын их, дээд сургууль, хэлний сургалтын байгууллагад суралцах монгол оюутны тоо жилээс жилд өссөөр 9000 гаруйд хүрчээ.
Өнгөрсөн хугацаанд Эва эмэгтэйчүүдийн их сургуульд 1000 гаруй монгол оюутан суралцаж төгссөн байна. Тус сургууль нь дэлхийн нэр хүндтэй, шинэ цагийн их сургуулиудын нэг болон өргөжиж байгаа ажээ.
Тус сургуулийн ерөнхийлөгч Юн Мин Ким, цаашид эмэгтэйчүүдийн чадавхжуулах, шийдвэр гаргах төвшинд тэдний оролцоог хангах, монголын их, дээд сургуулиудын бүтцэд жендэрийн асуудлаар тусгайлсан сургалтын нэгж байгуулахад хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээв. Мөн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын гол сэдэв жендэрийн тэгш байдлыг хангаж, тогтвортой хөгжилд хүрэх арга зам хэмээн тодорхойлсныг дурдаад, тиймээс Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн зүгээс хүчин чармайлт гаргаж энэхүү чуулга уулзалтын зохион байгуулагчаар оролцож буйгаа илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн нэр дэвшүүлэх квотыг улс төрийн намууд зөвшилцөж, нэр дэвшигчдийн 30 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байхаар ярилцаж байна. Энэ нь жендэрийн тэгш байдлын хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхэд ахиц гарна гэдэгт итгэж байна. Жендэрийн тэгш байдлыг хангахад хамтран ажиллах санаачлагыг дэмжиж, талархаж байна. Цаашид Эва эмэгтэйчүүдийн их сургууль энэ чиглэлээр монголын парламенттай хамтран ажиллаж, олон оюутныг сургаж, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ