Тав тухтай байх нь дэгжин харагдахаас илүү чухал гэж үздэг хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр л байна. Тэд өндөр өсгийтийн оронд пүүз углаж, хөдөлгөөн тушсан бариу жинсний оронд өргөн өмд сонгоно. Гэсэн хэдий ч өргөн өмд өмсөхөд учир бий.
Эхний дүрэм бол өргөн өмдөө шалаар нэг чирэх хэрэггүй. Хэрвээ та богино хөлтэй бол улам л утгагүй харагдана. Ихэнх өргөн өмд газраар чирэгдэх маягтай байдаг тул оёдолчинд хандаарай. Яг аль хэсгээр нь тайрахаа мэдэхгүй байгаа бол өмдний арын хэсэг газарт хүрэнгээ алдаж байхад хангалттай гэдгийг санаарай. Ингэж байж гутлаа ч бас харуулах боломжтой.
Пропорцоор тогло, бэлхүүсээ тодотго. Өргөн өмднийхөө дээгүүр өргөн цамц өмсөж болно. Энэ тохиолдолд донжоо олохын тулд цамцаа өмдөн дотуураа бага зэрэг чихэхийг зөвлөе. Цамц, өмд нь үргэлжилчих юм бол биеийн пропорц алдагдаж, таны хөл улам л богино харагдана.
Салаа углаашнаас айх хэрэггүй. Наран шарлагын газар л биш бол салаа углааш өмсөх хэрэг байна уу гэж та бодож магадгүй. Ер нь бол тийм. Гэхдээ углааш тань бага зэрэг платформ ултай, арьсан материалтай бол өсгийт өмссөнөөс нэг их ялгаагүй. 1990-ээд онд трэнд болсон “Rocketdog” углаашийг санаж байна уу? Хөлд амар, гэхдээ дэгжин.
Тэгвэл өргөн өмд ямар ямар хувцастай хамгийн сайн зохицохыг доор танилцуулъя.
Хамгийн төгс зохицол бол бидний нэрлэж заншсанаар “Hoodie” буюу малгайтай цамц. Энгийн атлаа догь харагдмаар байвал өргөн өмд, малгайтай цамц хоёрыг хослуулж болно. Хувцаслалтаа арай сонирхолтой болгомоор байвал анхаарал татсан акссесуар зүүгээрэй. Том аралтай тэлээ, хүзүүний зүүлт гэх мэт.
Хөвсгөр хүрэм ч бас дажгүй сонголт. Хөвсгөр хүрэм, цамц сэлтийг нарийхан өмд, ретузтэй хослуулах трэнд нэг хэсэг гарсан бол энэ удаад яг эсрэг сонголт хийх болох нь. Хөвсгөр хүрэм, өргөн өмдний хослол нь дурсамж дүүрэн 90-ээд оныг эргэн сануулна. Энэ олон том размерын хувцас дундаас өөрийгөө тодотгохыг хүсвэл хоолойтой бариу цамц өмсөж болно.
Цамцныхаа бүх товчийг товчлоод хэрэггүй. Тод өнгийн сорочик цамцны дээд хэсгийн товчнуудыг задгайлаад өмсөж болно.
Утсан мөртэй майк ч байж болно. Яагаад гэвэл утсан мөртэй майк нь загварын тайзнаас хэзээ ч буугаагүй, хүн бүрийн хувцасны шүүгээнд хүндтэй байр суурь эзэлдэг хувцас юм. Энгийн майктай хослуулснаар харагдах байдал нэг шат ахина. Энэ хослол нь өндөр өсгийт, пүүз гээд бүх л гуталтай зохицох давуу талтай.
Том размерын пиджак нь бүх төрлийн хувцсыг догь харагдуулах ид шидтэй. Өргөн өмдтэйгөө арай загварлаг харагдмаар байвал энэ хамгийн зөв сонголт.
Хөлнөөсөө толгой хүртэл хав хар хувцаслалт заримдаа хамгийн зөв сонголт байдаг. Бие барьсан жинсэн өмдийг бодвол өргөн өмд дээр энэ хослол илүү зохидог.
Халуун зунаар ч өргөн өмдөө өмсмөөр байвал яах вэ? Зохицуулаад өмсвөл өргөн өмдийг жилийн дөрвөн улиралд өмсөж болох давуу талтай. Хараа булаасан өнгөлөг топ, зуны углааштайгаа өмдөө хослуулаарай.
Эх сурвалж: IN STYLE
Холбоотой мэдээ