"Хүсэлт гаргасан тохиолдолд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно"

Хуучирсан мэдээ: 2023.06.13-нд нийтлэгдсэн

"Хүсэлт гаргасан тохиолдолд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно"

"Хүсэлт гаргасан тохиолдолд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно"

УИХ-ын Ёс зүй, хариуцлагын байнгын хороо өнөөдөр /2023.06.13/ хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.


Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийх үеэрээ хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхдэд олгоно, энэ оны нэгдүгээр сараас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд хүсэлт гаргасан тохиолдолд нөхөж олгоно гэлээ.

Мөн Нийгмийн даатгалын тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар нэг мөр шийдвэрлэнэ. Үнийн өсөлттэй уялдуулж тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон. Тэтгэврийн зөрүүг арилгах, цалингийн итгэлцүүрийг шинэчилснээр 164,6 мянган хүний тэтгэвэр нэмэгдэх бол тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлснээр нийт тэтгэвэр авагч буюу 496,3 мянган хүн хамрагдаж, нийтдээ 394,6 тэрбум төгрөг нэмж зарцуулна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг мөн үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын тэтгэвэр авах эрх үүсээгүй хүнд олгох халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж тус бүр 288 мянган төгрөг байгааг 325 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх. Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж 84,5 мянган төгрөг байгааг 275 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асарч байгаа эцэг эхэд олгох тэтгэмжийг 275 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлнэ. Энэхүү арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 144,3 мянган хүн хамрагдах бөгөөд 89,8 тэрбум төгрөг нэмж зарцуулна.

Хоёрдугаарт, төрийн албаны цалингийн шинэчлэлийн хүрээнд хэт олон сүлжээ шатлал бүхий харилцан адилгүй, тэгш бус үнэлэмжтэй төрийн албаны цалингийн тогтолцоог нэгтгэх замаар адил үнэлэмж бүхий ажил хөдөлмөр эрхэлж байгаа албан хаагчийн цалинг ижил байх зарчимд нийцүүлсэн. Төрийн албан хаагчдын цалингдол дугаар сарын 1-нээс нэмэхэд нийт 994,6 тэрбум төгрөгийг зарцуулна.

Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөх, зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн үнэт цаас гаргах замаар санхүүжүүлж, төсөв хооронд зохицуулалт хийж шийдвэрлэнэ гэсэн юм.

Мөн 2023 оны төсвийн тодотголын төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 20 их наяд 781,9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34,5 хувь, нийт зарлагын хэмжээг 22 их наяд 371,4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37,2 хувь,  төсвийн алдагдлыг 1 их наяд 589,5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2,6 хувь байхаар төлөвлөжээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн тодотголд тус байнгын хороонд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт дараах өөрчлөлтийг оруулсан байна. Төрийн албаны зөвлөлийн дарга 2023 оны тодотголын төсөвт 3,9 тэрбум төгрөгөөр,  Авлигатай тэмцэх газар 33,2 тэрбум төгрөгөөр төсөвлөжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлын төсөв 0,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төрийн албан хаагчийн цалин хөлсний системийг шинэчлэн, цалинг нэмэгдүүлэн тогтоосонтой холбоотой байна. Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэснийг танилцууллаа.

Төсвийн тодотголтой холбогдуулан, УИХ-ын гишүүн Б.Бейсен, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран хүүхэд бүрт олгож болох эсэх, орон нутагт ажиллаж байхад хүүхдийн мөнгөө авч чадахгүй, чирэгдэл ихтэй байна гэж гомдол санал илэрхийлж байгааг анхаарах. УИХ-ын гишүүн Х.Баделхан Төрийн хэмнэлтийн хуульд ямар өөрчлөлт орж байгааг тодруулсан бол УИХ-ын гишүүн Н.Энхболд энэ удаагийн төсвийн тодотголоор цалин, тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгөтэй холбоотой зүйлүүд дээр л өөрчлөлт оруулах зарчим барьсан, үүнийгээ хэр баримталсан бэ гэдэгт хариулт хүсэв.

Сангийн сайд Б.Жавхлан “энэ удаагийн төсвийн тодотголоор хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох боломж өгч байгаа. Хүүхдийн мөнгөө Хүүхдийн төлөө фондод гэр бүлийнхээ болон хүүхдүүдийнхээ өмнөөс хандивлах боломжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгож байгаа. Энэ удаа бүтэн жилийн төсөв биш 2023 оны төсөвт тодотгол хийж байгаа тул тодотголоор бүх зүйлийг хамарч, шийдвэрлэх боломжгүй. Зөвхөн иргэдийнхээ бодит орлого, өрхийн орлогыг дэмжсэн төсвийн тодотгол хийж байгаа. Цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, зорилтот халамжийн тэтгэмж, нийслэлийн түгжрэл гэсэн таван асуудалд төвлөрч нийтдээ 1 их наяд 896,4 тэрбум төгрөгийн тодотгол хийж байгаа” гэсэн юм.

Улмаар тус хороо 2023 оны төсвийн тодотголтой холбоотой гарсан санал дүгнэлтээ УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж