Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Хуулийн байгууллагаас танд хилийн хорих тавьсан байна. Ямар үндэслэлээр эрхээ хязгаарлуулах болов?
-Намайг хуулийн байгууллагаас шалгаад дөрвөн жил болж байна. Намайг өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сараас шалгахдаа гурван удаа л байцаалт авсан. Ингээд л байлгаад байдаг. Би өнгөрсөн жил хилийн хоригоо цуцлуулсан юм. Тэгсэн сая дахиад хилийн хориг тавьлаа л гэнэ. Одоо энэ долоо хоногт шүүхээр шилжүүлэх юм гэсэн.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үүсгэсэн хоёр зохиомол хэргээр дөрвөн жилийн хугацаанд шалгалаа.
Хэргийн мөрдөн шалгах хугацаа нь аль хэдийнэ дуусчихсан. Х.Баттулга 2021 оны гуравдугаар сард хэргийн хэрэгсэхгүй болгож, намайг "Ардчилсан намын тамгаа өг" гэсэн. Би өгөхгүй гэсэн чинь хэргийг дахин сэргээчихсэн. Улс төрийн зорилготой хэрэг.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үүсгэсэн хоёр зохиомол хэргээр дөрвөн жилийн хугацаанд шалгаж байна гэлээ. Хэргийн талаар тодруулбал?
-Би 2016 оны наймдугаар сард Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын ажлаа хүлээлгэн өгсөн. Тэр үед ямар ч банкин дээр эрсдэл үүсээгүй, Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй, ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үед аудит, хууль хяналтын байгууллагаас шалгалт хийж, бүх ажлаа хүлээлгэж өгсөн. Гурван жилийн дараа 2019 онд "Капитал" банк дампуурахад дансанд нь 230 хэдэн тэрбум төгрөг байсан юм гэнэ лээ.
Тэрний 134 тэрбум нь Эрүүл мэндийн даатгалын сангийнх, 104 тэрбум төгрөг нь нийгмийн даатгалын байгууллагын мөнгө байсан.
Ажлаа хүлээлгэн өгснөөс хойшх гурван жилийн дараа "Капитал" банкинд байсан мөнгө надад ямар хамаатай юм бэ. Намайг анхнаасаа "Капитал" банкинд их хэмжээний мөнгө байршуулах ажиллагааг эхлүүлсэн гэсэн. Тийм юм гэж байхгүй. Надаас өмнө нь ч банкинд мөнгө байршуулж л байсан.
-Таны хувьд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс банкинд хууль бусаар мөнгө байршуулаагүй гэсэн үг үү?
-Нийгмийн даатгалын хөрөнгө хоёр төрөл байдаг. Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдэл гардаг Үйлдвэрлэлийн ослын сан, Тэтгэмжийн сан, Ажилгүйдлийн сан, Эрүүл мэндийн даатгалын сан бий. Энэ дөрвөн сангийн төсөв жил бүр батлагддаг. Жишээлбэл, Эрүүл мэндийн даатгалын санд энэ жил нэг тэрбум төгрөг баталсан бол орлого нь 1.2 тэрбум орно. Тэрбумаа батлагдсан төсвийн дагуу зарцуулж, 200 сая төгрөг нь сангийн чөлөөт үлдэгдэл юм.
Харин хуримтлалын сан үүсдэг ганцхан сан байдаг. Тэр нь Тэтгэврийн даатгалын сан. Энэ сангийн орлого 20-40 жил хуримтлал үүсгэж, тэтгэвэрт гарахдаа авдаг гэсэн үг.
Тэр мөнгөөр улсын болон олон улсын чанартай хөрөнгө оруулалт хийж болно. Өмнөд Солонгос, Тайланд зэрэг орнуудад тэтгэврийн насны иргэд яагаад баян байдаг вэ гэхээр тэтгэвэр авагчдын хуримтлалаар янз бүрийн хөрөнгө оруулалт хийж, хуримтлалын сангаа өсгөж, ашгаа хувааж хийдэг.
-Харин Монголд тийм систем хэрэгждэггүй?
-Монголд 1996 онд Нийгмийн даатгалын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Ингэхдээ иргэн төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг өнөөдөр тэтгэвэрт гарч байгаа иргэдийн тэтгэвэр болгодог. Дэлхийн бусад орнуудад ийм системийг хэрэгжүүлж, эргээд нөхдөг. Монголд өнөөдрийг хүртэл Тэтгэврийн даатгалын санд иргэдийн шимтгэл төлсөн мөнгийг бодитоор хуримтлуулаагүй.
Энэ санд 1960 оноос хойш төрсөн иргэдийн байх ёстой 20-иод их наяд төгрөг байгаа. Засгийн газар энэ мөнгийг Тэтгэврийн даатгалын санд байршуулах өртэй.
Одоо болтол өрөө төлөлгүй, дотоод авлага гэж бичигдээд, нуугаад хэлдэггүй. Нэг иргэнд 30 сая төгрөгийн өр ногдож байгаа дээр энэ сангийн өр нэмэгдвэл их хэмжээний өр төлбөр гарна. Би 2008 онд Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт өөрчлөлтөөр 1999 оны УИХ-ын тогтоолоор 2005 оноос Тэтгэврийн даатгалын санд хагас хуримтлалын тогтолцоо буюу иргэний нийгмийн даатгалын мөнгөний 50 хувиас доошгүй хувийг мөнгөжүүлэх тогтолцоог бий болгох, 2020 оноос 100 хувь мөнгөжүүлэх буюу бүрэн хуримтлалын тогтолцоог бий болгох тухай тусгасан. Одоо хүртэл мөнгө байхгүй учраас хуримтлал үүсгэж чадаагүй.
-Яагаад?
-Тухайн үед нэмэлт өөрчлөлтөөр Нийгмийн даатгалын тухай хуулийн 11.5 заалтаар "Хуримтлалын сан бий болбол яаж аривжуулах вэ" гэхээр арилжааны банкуудад байршуулж, гурван сайдын хамтарсан тушаалаар хуримтлалын мөнгийг "Капитал" банкинд байршуулна гэж тусгасан. Тэгээд 2005 онд хагас хуримтлалын тогтолцоо руу шилжиж чадаагүй. Дараа нь 2020 он болох гээд байдаг. Мөнгө байхгүй учраас 2015 онд УИХ-аас 53 тоот тогтоол гаргаж, хуримтлал үүсгэх нийгэм, эдийн засгийн таатай нөхцөл бүрдэхгүй байгаа учраас хуримтлалын хагас, бүрэн тогтолцоог 2030 оноос цааш авч үзнэ гэсэн.
Би сайд байх хугацаандаа чөлөөт мөнгөн хөрөнгийг байршуулж байсан.
Нийгмийн даатгалын санд олсон хүүгийн орлого 265 тэрбум төгрөгийн ашгийг оруулсан. Би Нийгмийн даатгалын санд хохирол учруулаагүй. Харин ч хүүгийн ашиг оруулж, үр дүнтэй ажилласан. Тэгээд 2016 онд сайдын ажлаа өгч, 2019 онд "Капитал" банк татан буугдахад дансанд нь байсан 238 тэрбум төгрөгийг С.Эрдэнэ банкуудад байршуулж, хууль зөрчих эх үүсвэрийг тавьсан гэдэг үндэслэлээр хэрэг нээсэн.
Холбоотой мэдээ