
Тоглоомын гол дүр болох аймшиггүй зоригт ковбой Жон Марстоны дүрд Холливуудын супер од Брэд Питтийг тоглуулахаар гэрээ хэлцэл хийгдэж дууссан гэнэ. Энэ талаар ShowBizSpy.com сайт мэдээлснийг томоохон тоглоомын сайтуудаар дамжуулан шуугиж байна. Xbox 360, Playstation 3 консолууд дээр худалдаанд гарч асар олон хувь борлогдон хит тоглоом болж байсан Red dead redemption одоо дэлгэцийн бүтээл болж гол дүрд нь Брэд Питт тогловол бас л томоохон алдар хүнд, ашиг орлого дагуулсан төсөл болно хэмээж байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард л тус тоглоомыг хийгдэж байх үед нь зохиолоор нь кино хийх төсөл яригдаж Брэд Питтэд ч санал тавьж байсан гэнэ. Тэгвэл аман гэрээний байдлаар явж ирсэн тохиролцоо одоо биеллээ олж байгаа нь энэ юм. Удахгүй энэ талаар кино бүтээгчид албан ёсоор мэдээлэл хийх ба үнэн гэдэг нь батлагдвал Холливуудын од Брэд Питтийн гол дүрд нь тоглосон бас нэгэн сонирхолтой кино мэндлэх нь ээ.
Н.Наран