"Чиг үүргийнхээ дагуу ажлаа хийснийх нь төлөө буруутгаж байна"

Хуучирсан мэдээ: 2023.06.13-нд нийтлэгдсэн

Live"Чиг үүргийнхээ дагуу ажлаа хийснийх нь төлөө буруутгаж байна"

"Чиг үүргийнхээ дагуу ажлаа хийснийх нь төлөө буруутгаж байна"

"Хөгжлийн банк"-ны гэм буруугийн шүүх хуралдаан 41 дэхь өдрөө үргэлжилж байна.


 

14 : 15
2023-6-13

Хөгжлийн банкны ТУЗ-тай холбоотой нийтлэг 5 асуудал байгаа

Т.Оюунчимэгийн өмгөөлөгч:

-Хөгжлийн банкны ТУЗ-тай холбоотой нийтлэг 5 асуудал байгаа. Нэгдүгээрт, "Монгол драй милк", "НВЦ" компанитай холбогдох 2 зээлийн төсөлд ТУЗ-ийн эрх хэмжээний асуудал. Энэ хүрээнд ТУЗ-ийн эрх хэмжээний нөхцөл байдлыг тодорхой гаргах ёстой байсан. Мөнгөншагай прокурор тодорхойлохдоо ТУЗ шийдвэр гаргана, эрх хэмжээг нь 2017 оны Засгийн газрын 123-р тогтоолоор олгосон гэдэг.  Тэгвэл хавтаст хэрэгт байгааг ТУЗ-өөс гарч байгаа шийдвэрүүд нь энэ 2 эрх хэмжээний алингаар нь гарсныг шүүх дүгнэх ёстой. Эрх хэмжээ байлаа гээд заавал хэрэгжүүлнэ гэсэн үг биш. ТУЗ-ийн тогтоолыг бүгдийг нь судлан шинжлүүлсэн байдаг. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. ТУЗ-ийн шийдвэр нь хамтынх байдаг. Гэтэл ТУЗ-ийн 7 гишүүний 5 нь энд яллагдагчаар сууж байхад хоёр нь хаана байна вэ? 

14 : 04
2023-6-13

Буяннэмэхийн мэдүүлэгт үндэслэж Ж.Бат-Эрдэнийг буруутгаж байна

Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч: 

-Шүүх хурлын нотлох баримтад авагдсан материалууд нь түүний бурууг нотлохоос илүү буруугүйг баталж байна. Тухайлбал, гэрч Бямбаа, Уранчимэг, Ичинхорлоо болон бусад баримтуудаар Ж.Бат-Эрдэнэ энэ гэмт хэргийг үйлдээгүй, тухайн үед нийтийн албан тушаалд байгаагүй, авлига аваагүй, азаргыг худалдаж аваагүй гэдгийг нь нотолдог. Яллагдагч Буяннэмэхийн мэдүүлэгт үндэслэж буруутгаж байна гэж хардаж байна. Хуульд гэрч мэдүүлэг өгөгч нь хэргийн байдлыг нотлох үнэн зөв мэдээлэл өгөх үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл тэрбээр гэрч биш яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Буяннэмэхийг албаар худал мэдүүлэг өгсөн гэж бодохгүй байна. 461-р хорих ангид хоригдож байхдаа өгсөн мэдүүлэг, хүсэлтүүдээс нь энэ нь тодорхой харагддаг. Ж.Бат-Эрдэнийг буруутгасан хэргийг прокурор нотолж чадаагүй нь түүнийг уг гэмт хэргийг үйлдээгүй болохыг харуулж байна. 

13 : 50
2023-6-13

"Ажлаа зөв зохистой хийснийх нь төлөө буруутгаж болохгүй"

Ж.Үхэртарын өмгөөлөгч:

-Ж.Үхэртарыг Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга болон бусад гишүүдтэй үйлдлээрээ санаатай нэгдэж, нэр бүхий 5 компанийн захирлуудын ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хамтран зээлдэх нөхцлөөр хохирол учруулсан гэж буруутгаж байгаа. Гэтэл Хөгжлийн банкны тухай хуулийн 7.6.1-д заахдаа, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой шийдвэр нь хамтын удирдлагад үндэслэсэн байх гэж заасан байдаг. Үүнийг ТУЗ-ийн хуралд оруулж ирсэн шийдвэрийг хамтын журмаар гаргана гэж тайлбарлах тул шийдвэр гаргахад санаатай хамтран оролцсон гэдэг шинж байдлыг үгүйсгэнэ гэж үзэж байна. Аливаа гэмт хэрэгт субьектив тал гэж байгаа. Тиймээс түүнийг буруутгаж буй хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байгаа тул цагаатгаж өгөхийг хүсч байна. 

13 : 39
2023-6-13

"Огнооны алдаанд үндэслэж хүнийг гэмт хэрэгт буруутгаж болохгүй"

Д.Бат-Очирын өмгөөлөгч: 

-Д.Бат-Очирыг Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр байхдаа Мөнгөншагай прокурорын дүгнэлтэд дурдсанаар Засгийн газрын шийдвэр тодорхой болоогүй байхад зээл олгосон гэж буруутгадаг. Гэхдээ энэ нь үндэслэлгүй. Учир нь 2017 оны долдугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хурлын шийдвэр гарснаар хүчин төгөлдөр болсон. Огноог нь бол наймдугаар сарын 23 гээд тавьчихсан юм байна лээ. Ер нь огноог өөрчилж тавих үндэслэл байгаагүй. Бид үүнийг Засгийн газрын аль нэг референтийн техникийн алдаа гарсан байна гэж үзэж байна. Учир нь тухайн өдөр Засгийн газрын хуралдаан болоогүй. Болсон байлаа гэхэд долдугаар сарын 17-ны өдөр хэлэлцсэн асуудлаа дахиж хэлэлцэхгүй нь ойлгомжтой. Огноонд гарсан алдаан дээр үндэслэж хүнийг гэмт хэрэгт буруутгаж болохгүй. 

13 : 21
2023-6-13

"Л.Мягмаржавыг буруугүй болохыг баталсан"

Л.Мягмаржавын өмгөөлөгч: 

-Зээлийн удирдлагын хорооноос зээл олгохыг дэмжиж, зээл олгох дүгнэлт гаргахдаа Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн зээлийн бодлогод зээлдэгчид тавигдах нөхцөл шаардлагыг гэрээ байгуулахаас өмнөх нөхцөл болгон тавьсны дараа тэр нөхцөл шаардлага нь хожим биелэгдэх боломжгүй болмогц гүйцэтгэх захирал нь хорооны дүгнэлтийг тушаалаар баталгаажуулахдаа уг нөхцлийг тушаалын хавсралтаас хасах замаар зээлийг олгох нөхцлийг бүрдүүлж өгдөг. Тухайлбал, "Сэлэнгийн герефорд" компанид зээл олгохдоо зээлийн хорооны гаргасан нөхцлийг хасаж, зээлийг олгосон гэж дүгнэсэн байна. Энэ нь Л.Мягмаржавын зээлийн удирдлагын хорооны гишүүний хувиар буруугүй болохыг нь баталж өгсөн байна.  2017 оноос хойш хууль өөрчлөгдсөнөөр зээлийн удирдлагын хороо нь зээл олгох шийдвэр биш дүгнэлт гаргадаг болсон. Энэ дүгнэлт нь зөвлөмжийн шинж чанартай байдаг. 

13 : 07
2023-6-13

Б.Чойжилжалбуугийн хэргийг нотлох хангалттай баримт дурдагдаагүй

Б.Чойжилжалбуугийн өмгөөлөгч: 

-Прокурор, хохирогчдын байр суурийг сонслоо.  Монгол Улсад болж буй бүх шүүх шүүн таслах ажиллагаанд шууд хамааралтай, маш их ач холбогдолтой Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1.8-д Шүүхийн хэлэлцэлцүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж заасан байдаг. Энэ шүүх хурлын нотлох баримтад авагдсан материалуудаас аль нь ч Б.Чойжилжалбуугийн хэргийг нотлох хангалттай баримт дурдагдаагүй гэж үзэж байна. Эрүүгийн 22.4.4 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. Мөн 22.4.1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулан ашигласан гэдэгтэй бид анхнаасаа маргаагүй. Б.Чойжилжалбуутай холбогдсон "Ганхүдэр орд", "Монгол мах экспо", "Монгол эм импекс" компаниуд зээлээ хэдийнэ төлчихсөн байгаа.

12 : 30
2023-6-13

Б.Будхүүг Хөгжлийн банкны олгосон 14 зээлд буруутгадаг

Б.Будхүүгийн өмгөөлөгч: 

-Хүн аливаа гэмт хэргийг үйлдэх гэмт үйдлийн санаа зорилго эхэлж үүсэх ёстой байдаг. Энэ тохиолдолд Б.Будхүүд гэмт хэрэг үйлдэх ямар сэдэл санаа байсан нь тодорхойгүй. Хэн түүнд нөлөөлсөн нь тогтоогдоогүй байна. Тэрбээр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ, өөрийн ажил үүргийн хувиар Хөгжлийн банкинд тодорхойлон заасан чиг үүргийнхээ дагуу зээл олгох төслүүд дээр хууль зүйн дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтүүдийг хянаж, зээлийн хорооны хурлуудад оролцож байсан гэдгээ хэлдэг. Түүнийг нийт 14 зээлийн хэрэгт буруутгадаг. Эдгээрийг 3 бүлэгт хувааж үзвэл нэгдүгээрт, нөхцөл шаардлагыг дараа хангуулахаар зээлийн гэрээ байгуулахад дэмжсэн санал өгсөн. Хууль тогтоомжид ч гэсэн дараа нөхцөл байдлыг хангахаар зааж болохоор хуульчилж өгсөн байдаг. 2018 оны Зээлийн нөхцлийн журмын 29.1-3-т зээл олгосны дараа биелүүлэх нөхцөл шаардлагын талаар дурдсан байна. 

Хоёрдугаарт, "Ганхүдэр орд" компанид зээл олгохтой холбоотойгоор шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй байхад зээлийн шаардлага хангасан гэж шалгах хуудсан дээр бичсэн гэж буруутгадаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан материалаар бол 2017 онд ШШГБ-ын тодорхойлолтоор "Ганхүдэр орд" компани нь иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдэд өр төлбөргүй болохыг баталсан байдаг. 

Гуравдугаарт, хуульч Гантогтох, Пүрэвсүрэн нарын гаргасан дүгнэлтээр зээл олгох хууль зүйн дүгнэлт гаргахдаа журам зөрчсөн гэж үзэж байгаа. Тэрбээр тодруулсныхаа дараа зөвшөөрөл олгохыг зөвлөсөн байдаг. "Вертекс майнинг" компанид зээл олгосон асуудалд барьцаа хөрөнгө нь холбогдох шаардлага хангахгүй байсан тул зээлийн дүгнэлтэд шаардлагыг хангасан тохиолдолд зээл олгох боломжтой гэж дүгнэлтүүдийг бичсэн байдаг. 

Тодорхой албан тушаалтнууд ашиг сонирхлын үүднээс хүсэл зорилгоо хангуулахын тулд зарим хүмүүст дарамт шахалт үзүүлж байсан нөхцөл байдал харагддаг. Гэтэл ийм нөхцөл байдал Б.Будхүүд харагддаггүй, тогтоогдоогүй. Иймд түүнийг буруутгаж буй хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэж хүсч байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж