ОХУ дахь хувийн цэргийн компаниудыг Батлан хамгаалах яам хянах тухай шийдвэрийг Сергей Шойгу танилцуулсан. Энэ дагуу "Вагнер" тэргүүтэй хувийн цэргийн компаниуд долдугаар сарын 1 гэхэд яамтай гэрээ байгуулах ёстой болжээ. Яамнаас мэдэгдсэнээр энэхүү гэрээ нь сайн дурын нэгдэлд шаардлагатай эрх зүйн статусыг олгох, иж бүрэн дэмжлэг үзүүлэх, даалгаврын гүйцэтгэлийг зохион байгуулах стандарт арга барилыг бий болгох зорилготой. Цаашилбал, сайн дурынхан болон тэдний гэр бүлийнхэнд зориулсан нийгмийн хамгаалал, дэмжлэгийг сунгахаар төлөвлөж байна.
Гэвч "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж, яамтай ямар ч гэрээ байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Пригожин эсэргүүцсэн мэдэгдэлдээ "Энэ тушаалын дараа яг юу болох юм? Бидэнд зэвсэг, сум өгөхгүй шүү дээ. Яг нөхцөл байдал ширүүсээд ирмэгц зэвсэг, сум барьж ирээд, туслаач гэж гуйна биз" гэжээ.
Пригожин ийнхүү эсэргүүцсэн бол Чеченийн удирдагч Рамзан Кадыровын дайчид гэрээнд гарын үсэг зуржээ. Тодруулбал, Ахмат дахь отрядын хөлсний цэргүүд камерын өмнө гэрээ байгуулж байгаа зураг цахим сүлжээнд нийтлэгдэв. Гэрээнд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга Алексей Ким, Оросын Тусгай хүчний их сургуулийн захирал Адам Дашаев нар гарын үсэг зуржээ.
"Сайн дурын анги, отрядын захирагч нар энэ гэрээнд гарын үсэг зурахдаа баяртай байх болно. Учир нь гэрээнд гарын үсэг зурснаар тэд Батлан хамгаалах яамтай ижил статустай болно" гэж Төрийн думын гишүүн Адам Делимханов хэллээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ