Ц.Элбэгдорж: Бүү санаа зов, би улс төрөөс хол байгаа

Ц.Элбэгдорж: Бүү санаа зов, би улс төрөөс хол байгаа

Ц.Элбэгдорж: Бүү санаа зов, би улс төрөөс хол байгаа

Монгол Улсын Их сургууль, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургууль хамтран зургадугаар сарын 13, 14-нд Улаанбаатар хотноо "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чуулга уулзалт зохион байгуулж байна. Уг чуулга уулзалтын үеэр хүрэлцэн ирсэн хүндтэй зочдын нэг бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж юм.

Тэрбээр "НҮБ-аас 2015 онд тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Өмнө нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрөө сайжруулж, олон улс нэгдэн хамтран зүтгэсэн байдаг. Тэр үед Монгол Улс маш идэвхтэй оролцож байсан. Тухайн үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгээр ажиллаж байсан Бан Ги Мүн өнөөдөр Монголд ирсэн байна. Тогтвортой хөгжлийн олон зорилт дунд жендэрийн тэгш байдал буюу эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудлыг яаж хангах вэ гэдэг нь олон улсад шинэ хандлага болоод байна. Монгол Улсын Их сургууль, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургууль хамтран ийм том хэлэлцүүлгийг хийдэг.

Өмнө нь Номхон далай дамжсан хөгжлийн асуудлаар Өмнөд Солонгос улсад том хурал болж байсан. Одоо Монголд Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чуулганы зохион байгуулж байна. Энэ удаа сэдэв сонгохдоо эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудлыг сонгосон байна.

Ер нь хүнийг эмэгтэй, эрэгтэй гэж ялгаад, эмэгтэйчүүдийг нь илүү дэмжих нь зөв юм уу. Гэхдээ манай эмэгтэйчүүдэд үр хүүхдээ тээж төрүүлж, өсгөн бойжуулах, гэр орны ажил, угааж цэвэрлэх ажил, хоол хүнсээ бэлдэх гээд маш их хийдэг. Хэн ч анхаардаггүй, цалин мөнгө төлдөггүй хүнд ажлыг эмэгтэйчүүд амжуулдаг. Тийм учраас тэр хүмүүсээ дэмжих ёстой. Эмэгтэйчүүдээ хүндэлж, ээжийгээ дээдлэх ёс монголчуудын түүхэн уламжлал.  Үүгээрээ Монгол Улс ялгарах ёстой.

Сая эмэгтэйчүүдийн квотыг 40 байсныг 30 болголоо гэж зарим хүмүүс бухимдаж байна. Эх орондоо олон улсын том хурал зохион байгуулж, яг шийдвэр гаргах болохоор буцаж, ухарч байгааг хэлж байна. Тиймээс эмэгтэйчүүдийг дэмжих ёстой. Эмэгтэйчүүд хуваалцах нинжин сэтгэлтэй, аливаа зүйлийг тэгш хардаг хүмүүс. Энэ бүхэн аливаа нийгмийн хөгжилд маш чухал. Иймээс эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангаж, хууль эрх зүйг бүрдүүлэх шаардлагатай. Нэг хоёр гишүүнд дургүй байгаа асуудлаа нийт эмэгтэйчүүдэд наамааргүй байна. Нөгөө талаас шийдвэр гаргах түвшинд байгаа эмэгтэйчүүд ч гэсэн бодох хэрэгтэй. Зөвхөн өөрийгөө бус нийт эмэгтэй хүмүүсийн нүүр царай, төлөөлөл гэдгээ давхар бодох ёстой" гэв.

Мөн тэрбээр "Би гурван жилийн өмнө Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж байсан. Тэрийг сая сэргээсэн юм шиг буруу ойлгосон байна. Түүнээс өөрөөр нам улс төрийн ажиллагаанд идэвхтэй оролцох, бусдын орон зайг бөглөх ямар ч сонирхол байхгүй. Тэр нэр дэвшүүлж буй гишүүдийн жагсаалтад миний нэр байхгүй. Битгий санаа зов. Олон хүн санаа зовдог юм шиг байна лээ. Би аль нэг тойрогт нэр дэвшихгүй. Бид одоо залуу үедээ найдах ёстой. Залуу үедээ боломж олгож, дэмжих нь ухаалаг бөгөөд зөв арга. Өнгөрсөн 30 жилд нээлттэй, ойлголттой, нүдний ялгаа нь арилсан залуус гарч ирсэн шүү. Миний үеийнхэн хойшоо суух хэрэгтэй" гэдгийг онцоллоо.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж