Ерөнхий сайд авлигатай хийх тэмцэл үр дүнгээ өгч, нүүрсний далд авлига ил болсноор эдийн засгийн өсөлт иргэдийн гарт мэдрэгдэж эхэлснийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохдоо онцолсон. Гэвч нүүрсний хэрэг удаашралтай байхын зэрэгцээ нүүрсний гэх сонсголын ажлын хэсгийн гишүүд “унтаа” болсон. Угтаа бол энэ хавар нүүрсний сонсголыг өрнүүлж, авлигачдыг нийгмийн өмнө шударгаар шүүх ёстой байлаа. УИХ-ын гишүүн Н.Ганибал өчигдөр бүлгийн хурал дээрээ сонсголтой холбоотой ноцтой мэдээллийг хийсэн.
Тэрбээр “Нүүрсний дэд хорооны гишүүний хувьд дөрөвдүгээр сарын 6-нд нүүрсний сонсголыг хийнэ гэсэн хүлээлттэй байсан. Бидний зүгээс энэ асуудалд шинжээчийн дүгнэлттэй танилцаж, асуудлыг шийдэхийн төлөө ажилласан. Нийт 100 орчим хүнийг сонсгол дээр дуудаж, гэрчийн нэрсийг зарлах түр хорооны хурал дээр дарга Г.Ганболд гишүүн зургаан цаг хүлээлгэсэн. Сонсгол хийх өдрийн өмнөх өдөр. Тэгээд ирээд нүүрсний сонсголыг хойшлуулах санал оруулж, санал хураалгасан. Манай намаас хоёр гишүүн байсан учраас эсэргүүцсэн. Тэр цагаас хойш хуралдахгүй байна. Тухайн үед Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэргүүтэй намынхаа дарга нар дээр байж байгаад чиглэл авч хойшлуулсан. ХҮН намын дарга Т.Доржханд бас хурал хойшлуулахыг дэмжсэн" гэх мэдээллийг өгсөн юм.
Дээрх мэдээллээс МАН-ын эрх баригчид сонсголыг гацааж, хойшлуулж байгаа гэж дүгнэж болохоор. Тус хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Ганболд, бүрэлдэхүүнд Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Доржханд нар багтдаг.
Тэдний дөрөв нь нүүрсний хулгайн хэрэгт холбоотой болохыг АТГ газраас зарласан байдаг.
Нүүрсний хэрэгт 40 их наядын хохиролтой, хохирлыг төлүүлэх ёстой гэж чанга хашхирдаг УИХ-ын гишүүн Т.Доржханд БЗС-ийн дуулианд холбогдсоноор чимээгүй болжээ. Анх 40 их наядын нүүрс алга боллоо хэмээн чангаар хашгирч байсан тэрбээр дуугаа намсгасаар өдгөө сонсгол хийхийг эсэргүүцсэн гэх мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хувьд анх АТГ-аас нүүрсний хэрэгтэй холбогдсон 17 хүний нэрийг зарлахад нэр нь багтсан. Түүнийг нүүрсний хэргээс мултарсан гэдэг. Тухайн үед Б.Баттөмөр гишүүн “Манай намын гишүүд бүгд л шалгуулж байна. Зарим нь шалгуулаад гэм буруугүй гэдэг бичгээ хүртэл авч эхэлсэн. Б.Баттөмөр гишүүн надад эрүүгийн хэрэгт таныг шалгасан ч ямар ч гэм буруугүй болох нь тогтоогдсон гэсэн бичгээ үзүүлсэн” гэж байлаа.
Н.Наранбаатар гишүүнийг АТГ-аас шалгаж буй. Тэрбээр “Би нүүрсний хэрэгт хамааралгүй тул бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэх тайлбарыг сэтгүүлчдэд өгсөн. Н.Наранбаатарын тухайд, "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт нөлөөлж БНХАУ-ын гурван компанид давуу байдал үүсгэн нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулуулсан. Цар тахлын үед аймгийн Засаг дарга, Шивээхүрэн боомтын дарга нарт нүүрс тээврийн 32 машинд эрх олгуулсан, өөрийн дүү Нанзадын Очгэрэлийн Өлзийт Ойлын техникийг Гашуунсухайт боомтоор оруулж ирэхэд нь гаалийн дараалал зөрчүүлсэн, өөрийнхөө байгуулсан “Сэрсэн говь” компанитай 60 сая төгрөгийн гэрээг Өмнөговь аймгийн ЗДТГ-тай байгуулахад оролцсон гэх мэдээллүүд ил болов. Түүнийг “Маршал таун”-д 250 ам.метр талбайтай орон сууц авсан хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа тухай ч дурджээ.
Ш.Адьшаа гишүүний тухайд нүүрсний хэргээр би анх шүгэл үлээсэн хэмээн хэвлэл олон нийтээс сайн дүн авах гэсэн мэдээллийг хийж байв. Сүүлийн үед тэрбээр БЗС-ийн дуулианд холбогдож нүүрсний хэргээ мартав бололтой таг чиг суугаа.
Ц.Анандбазар гишүүний тухайд мөн л нүүрсний хэргээс мултарсан гишүүдийн нэг. Анх АТГ-аас нүүрсний хэрэгт холбоотой улстөрчдийн нэрс зарлах үед “Унтаж байгаа баавгайг сэрээлээ. Би долдугаар ангидаа л анх нүүрс оруулж үзэж байлаа. Тэрнээс хойш нүүрс хутгаж үзээгүй, мэдэхгүй” гэх тайлбар хийсэн юм.
С.Ганбаатар гишүүнд нүүрсний хулгайчдыг нөхдөөсөө хай гэж зөвлөмөөр. Тэрбээр нүүрсний хулгайч нараар “АПУ” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Батсайхан, MCS группын ерөнхийлөгч Ж. Оджаргал, Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан нарыг нэрлэж, Авлигатай тэмцэх газарт өгөн, шалгуулах болно гэж сүржин даржин мэдээлэл хийсэн нь авлигын хэргээр АТГ-т шалгуулж буй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарыг өмгөөлөх гэсэн ядарсан арга нь гэж үзэх хэсэг ч бий.
Уг нь ажлын хэсгийн гишүүд нүүрсний сонсголоо зүтгүүлж, хийсэн бол нийгмээрээ тэдэнд алга таших байлаа. Нүүрсний хулгайн хохирол 40 их наядаар яригдаж буй. Даанч тэд эрх ашиг нь хөндөгдсөн нэгэндээ барьцаалагдав уу гэмээр таг дуугүй болчихсон нь харамсалтай. Удахгүй баяр наадам, амралт зугаалга гээд ирэх намар хүртэл нүүрсний хулгайчдын "чих амрах" бололтой.
Холбоотой мэдээ