Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол) 2023 оны зургадугаар сарын 7-9 өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотод “Doorknock 2023” айлчлалыг 7 дах удаагаа Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, гишүүн байгууллагуудын төлөөллийн хамтаар амжилттай зохион байгуулав.
Энэ удаагийн "Doorknock" айлчлалын хүрээнд АмЧам Монголын гишүүн байгууллагууд болох Алтай Холдинг, Капитрон Банк, "Faro Foundation NGO", "High Payment Solutions", "Melville & Erdenedalai", "Mongolian Mortgage Corporation" (МИК), "ONDO", "Sendly NBFI," Сэрүүн Групп ба Худалдаа, хөгжлийн банк, түүнчлэн Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган нарын хамтаар Вашингтон хотод ажиллав.
АНУ-ын Төрийн департамент, Худалдааны яам, Олон улсын хөгжил, санхүүгийн корпораци, Вашингтон дахь Зүүн ба Баруун Төв, АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн Газар, АНУ-ын Сангийн Яам, АНУ-ын Худалдааны Танхим, АНУ-ын ЭКСИМ Банк, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Америк дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, АНУ-ын Конгрессийн гишүүд зэрэг дээд албаны хүмүүстэй уулзалтуудыг зохион байгууллаа. Уулзалтуудаар Монгол улсын ардчилсан, зах зээлийн эдийн засагтай орны үнэт зүйлс, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тулгарч буй сорилт болон боломжууд, Монгол улсын геополитикнийн онцлог байдал, 3 дах хөршийн гадаад бодлогод АНУ-ын гүйцэтгэх чухал үүрэг, АНУ-аас санхүүгийн эх үүсвэр татах боломжууд зэрэг олон тооны чухал асуудлаар илэн далангуй санал солилцлоо.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.