АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Даваа гаригт эрүүл мэндийн асуудлаас болж төлөвлөсөн бүх ажлаа цуцалжээ. Тэрбээр өчигдөр НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй уулзах ёстой байсан. Мөн дэд ерөнхийлөгч Камала Харрисын зохион байгуулсан коллежийн тамирчдад зориулсан ёслол, дипломатуудад зориулсан оройн хүлээн авалт зэрэг үйл ажиллагаатай байжээ.
Жо Байдены эмч Кевин О’Коннорын мэдэгдсэнээр ерөнхийлөгчийн доод араа шүд Ням гаригт өвдөж эхэлжээ. Тиймээс рентген зураг авч, үзлэг хийсний эцэст сувгийн мэс засал хийх болсон байна. Даваа гаригийн үд дунд гэхэд мэс засал амжилттай дууссаныг Цагаан ордон мэдэгдлээ.
НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг болон Жо Байден нарын уулзалтыг Мягмар гариг хүртэл хойшлуулсан байна. Энэ оны сүүлээр Йенс Столтенберг албан тушаалаа хүлээлгэж өгөх тул оронд нь хэнийг томилох вэ гэдэг анхаарал татаж буй. Томилгооны асуудлыг Европ хариуцах боловч НАТО-ийн хамгийн том, хамгийн хүчирхэг гишүүн болох АНУ-ын ерөнхийлөгчийн дэмжлэгийг шаарддаг. Литвад долдугаар сард болох дээд хэмжээний уулзалтын үеэр шинэ удирдагчийг томилох төлөвтэй байна.
Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллесийг нэр дэвшүүлэх хүсэлтийг тус улсын ерөнхий сайд Риши Сунак дэвшүүлсэн. Байден түүнийг маш чадварлаг гэж нэрлэсэн ч эцсийн шийдвэрийг гаргахын тулд НАТО-ийн хүрээнд зөвшилцөлд хүрэх ёстой гэжээ.
Түүнчлэн Данийн ерөнхий сайд Метте Фредериксен өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд зочилж, Жо Байдентай уулзсан. Энэ уулзалт нь НАТО-ийн удирдагчийн томилгооны асуудалтай холбоотой байж магадгүй гэж Европын зарим албан тушаалтан үзжээ. Нидерландын ерөнхий сайд Марк Рютте, Эстонийн ерөнхий сайд Кажа Каллас нар мөн боломжит нэр дэвшигчийн тоонд багтаж байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ