Нүүрсний хулгайтай нам харгалзахгүй тэмцэх амлалт юу болов?

Хуучирсан мэдээ: 2023.06.13-нд нийтлэгдсэн

Нүүрсний хулгайтай нам харгалзахгүй тэмцэх амлалт юу болов?

Нүүрсний хулгайтай нам харгалзахгүй тэмцэх амлалт юу болов?

УИХ-ын гишүүн Н.Ганибал өчигдөр (2023.06.12) “Түр хорооны дарга Г.Ганболд нь биднийг зургаан цаг хүлээлгэсний эцэст Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нараас чиглэл авч ирээд нүүрсний сонсголыг хойшлуулсан” гэсэн ноцтой мэдэгдлийг хийв.

Тухайн үед нүүрсний сонсголыг хойшлуулсан шалтгаанаа Түр хорооны дарга Г.Ганболд “Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн хүсэлтийг харгалзан, хойшлууллаа” гэж мэдэгдсэн ч цаагуураа удирдлагаасаа заавар авсан нь ийн батлагдав.

Өөрөөр хэлбэл, Ардын нам Засгийн эрх барьж байгаа цагт нүүрсний хулгайн хэрэгт холбоотой бүхэн ял авна гэдэг юу л бол… ЖДҮ-ийн хэрэг шиг л баригдсан хэд нь ял авсан болж, хэдэн сар шоронд суугаад өршөөлд хамрагдаж мэдэхээр байна.

Анхандаа Ардын намынхан нүүрсний хэрэгт ач холбогдол өгч, “Нүүрсний мафи задарч байна. Удахгүй зэсийн бүлэглэлийн хэргийг задална” гэж дэвхэрцгээж байсан ч өнөөдөр дуугаа хураацгаасан нь өрөөлийн гэхээсээ өөрсдийнх нь намын томчууд холбоотой болох сэжүүр гарснаас болов уу гэх хардлага ч гарч эхэллээ. Учир нь, Засгийн газраас “Тавантолгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилж, ажиллуулсан ч нүүрсний том хулгайч гэгдэж байсан Ажнай Д.Бат-Эрдэнээс гавьтай зүйл илрээгүй. Харин ч өнөөх хулгайч нь “Тавантолгой” ХК-ийн олсон ашгийн 98 хувийг тэр чигт нь хувьцаа эзэмшигчдэд  ногдол ашиг хэлбэрээр тарааж ирсэн нь батлагдсан. Бүр компанийнхаа техник, технологийг шинэчлэхэд ч хөрөнгө зарцуулж чадаагүй байдаг. Арга барагдаад Засгийн газар өнгөрсөн Лхагва гаригт Бүрэн эрхт төлөөлөгчөө татахын хажуугаар "Компанийн засаглалыг сайжруулах хүрээнд техник технологио сайжруул" гэж зөвлөмж өгөх билээ.

Гэтэл Ардын намын “цүнхчид” ард түмний өмч болсон Тавантолгойгоос олсон нүүрсний ашгийг өөрсөддөө хувааж, түүгээр нь орон сууц барьж, мөнгө угаан, зарим нэг нь хурдан морины жүчээ худалдан авч, алтан толгойтой морь цутгуулж, мөнгөө багтааж ядсан атал Ажнай Д.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшигчид болоод Өмнөговь аймгийн иргэдэд олсон ногдол ашгаа бүгдийг тараачихсан суух. Том ялгаа байгаа биз.

Одоо Д.Бат-Эрдэнийг чангалах зүйл анги нь“Тавантолгой” ХК нь“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын талбайгаас нүүрс олборлосон гэх хэрэг л юм.

Гэхдээ энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгахаас өмнө  мэргэжлийн экспертүүд Тавантолгойн орд дээр ажиллаад олборлосон нүүрсний хэмжээг нь тогтоон, хохирлыг барагдуулах ажил эхэлсэн байдаг. Өнгөрсөн оны сүүлээр “Тавантолгой” ХК нь“Эрдэнэс Тавантолгой” компанид 48 тэрбум төгрөгийг төлж барагдуулснаар мөргөцөг олборлосноос үүдэлтэй хохирлыг барагдуулж дууссан юм.

Харин МАН-ыхны хувьд ард түмний өмч болсон Тавантолгойн ордоос босгосон мөнгөөр Монголд орон сууцны хороолол босгоод зогсохгүй Казахстан улсад тансаг зэрэглэлийн орон сууц барьж, мөнгө угаасан болохыг Авлигатай тэмцэх газраас тогтоогоод буй. Энэ бол зах нь гэж ярих хүмүүс ч бий. Тиймээс 40 их наядын хохирол учруулсан гэх хэргийн гол эзэд нь Ардын намын гишүүд болж өөрчлөгдөнгүүт эрх баригчид нүүрсний сонсголыг зохион байгуулахгүй, хойшлуулах нь ашигтай болж хувирч буй.

Хэрвээ Ардын намын “цүнхчид” Тавантолгойн ордоос хулгай хийгээгүй бол Монголын 3.4 сая иргэн ногдол ашиг авах боломж бүрэн байлаа. Одоо харин ногдол ашиг авъя гэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь гурван их наяд төгрөгийн өртэйн дээр нүүрс угаах үйлдвэр барихад олсон ашгаа зарцуулах шаардлага гарсан. Иймээс өнгөрсөн дөрөвдүгээр сард тус компанийн хувьцаа эзэмшигчид хуралдаад Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дуустал Тавантолгойн ордоос ард иргэдэд ногдол ашиг тараах асуудлыг хойшлуулах шийдвэр гаргасан юм. Энэ нь ирэх аравдугаар сар хүртэл хойшлуулсан гэсэн үг.

Гэтэл “Тавантолгой” ХК нь энэ онд 140 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараах шийдвэр гаргасан. Энэ ажил тус компанид Засгийн газраас БЭТ томилсноос болж, зогсонги байдалд орсон талаарх мэдээлэл цацагдсан. Харин Засгийн газар БЭТ-өө татсанаар одоо ногдол ашиг тараахад асуудалгүй болж буй.

Авлигатай тэмцэх газрын хувьд өнгөрсөн тавдугаар сард мэдээлэл хийх үеэрээ нүүрсний хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах шатанд нийт 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэдгээ мэдэгдсэн. Тэднээс 55 нь эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан зүйчлэлээр буруутгагдаж байгаа бол  56 нь хахууль авах хэрэгт, 29 нь хахууль өгөх хэрэгт, 23 нь мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэгт, нэг албан тушаалтанд худал мэдүүлэг өгөх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байдаг. Яллагдагчаар татагдсан хүмүүсийн 81 нь нийтийн албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд. Ингэхдээ 20 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өнөөдрийн байдлаар 3 яллагдагч цагдан хоригдож буй. Мөн 57 яллагдагчийг улсын хилээр гарахыг хязгаарлаж, 5 яллагдагчийг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн бол 38 хүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ганхуяг нарын 22 яллагдагчид холбогдох хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлээд буй.

Хуулийн шатанд нүүрсний хэргүүд эхнээсээ боогдож, шүүх рүү шилжих мөч ойртсон ч ард түмний мэдэх эрхийг хангах ёстой нүүрсний хулгайн сонсголыг эрх баригчид зохион байгуулалттайгаар хойшлуулах нь эл хэрэгтэй амь хайргүй тэмцэнэ гэх сүржин үгийнх нь үнэ цэнийг унагасаар байна.

Нүүрсний хулгайтай нам харгалзахгүй тэмцэнэ гэх үгэндээ эзэн болно уу, Ерөнхий сайд аа!

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж