Сурвалжлага: Хотын гудамжууд хар зах болжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.13-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хотын гудамжууд хар зах болжээ

Сурвалжлага: Хотын гудамжууд хар зах болжээ

Улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа үйлчилгээ, явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгүүд Циркийн ардах фонтанд эгнэж, Улсын их дэлгүүр хүрэх явган хүний зам дагуу гудамжны худалдаа үйлчилгээ эрхлэн суух хүмүүс олширчээ. Улаанбаатар хотын төв хэсгийн гудамжинд ингээд дуртай нь бараа зараад суух нь үзэмж талаасаа ч зохисгүй мэт. Явган хүний зам дээр бараагаа дэлгэн сууснаас зөрж өнгөрөх хүмүүс улам л багтахгүй болж байгаад бухимдах хүн цөөнгүй. Түүнчлэн фонтанд түргэн хоолны машинууд зай талбайг нь эзэлснээр залуус чөлөөт цагаа өнгөрөөн дуулж бүжиглэх, ролик, скейтбоардаар хичээллэх ч боломжгүй болжээ.

Төв зам дагуу хоёр талын явган хүний замаар моторт дугуй, дугуй,  скүүтэр унасан хүмүүс явган зорчигчидтойгоо багталцахгүй зөрж өнгөрцгөөх нь бидний хувьд хэдийнэ дасал болсон ч гадаадын жуулчдын нүдэнд бас л сонин зураглал байх.

Явган хүний зам дээр бараагаа дэлгэн суух худалдаачдын олонх нь самар, нүдний шил, нойтон хуурай салфетка, жимс, амттан зардаг жижиг худалдаа эрхлэгчид. “Салфетка хоёрыг мянгад”, “Шинэ сайхан жимс байна шүү”, “Сайн үзээд аваарай” гэх зэргээр зөрж өнгөрөх хүмүүсийг дуудаж, бараагаа зарахыг оролдоно. Гэвч худалдан авах хүн тун цөөн.

“Beatles”-ийн талбай буюу Циркийн ардах фонтан хоёр хажуу талаар байрлах гудамжны хоолонд хүмүүс олноороо оочерложээ. Энэ хэсгийг бараг хоолны гудамж болгосон мэт харагдана.  Зэргэлдээ сандлууд дээр хүмүүс бүхээгээс авсан хоолнуудаа амтархан идэж харагдана. “Энэ талбай бараг зах болчихсон юм биш үү” гэж төвөгшөөх нэг нь байхад “Энэ байх ёстой зүйл” гэж үл цааргалах хүмүүс ч олон. Дийлэнх нь эдгээр хүмүүсийг дэмжих хэрэгтэй гэж үзэл бодлоо илэрхийлнэ.

Гэвч фонтан дахь хэдэн хогийн сав хоолны нэг удаагийн савуудаар дүүрч сагаад ялаа батгана шавахад бэлэн харагдана.

Гудамжны худалдаа эрхэлдэг иргэд тус газар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй, чанарын шаардлага  хангаж ажилладаг гэдгээ хэлж байлаа. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр ямар ч зөвшөөрөлгүй хэдэн бараа сандал дээр өрөн байршуулж, нууцаар худалдаа эрхлэх хүмүүс цөөнгүй. Тэдгээр хүмүүсийг гэр бүлээ тэжээж өдрийн хоолоо олох гэж яваа улс гэж өмөөрөх хүмүүс ч бий. Хүнс биш хувцас хэрэглэл зарж буй нь эрсдэлгүй гэх.

Ил задгай худалдаа эрхлэх хяналт шаардлагыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дүүргийн хороодтой хамтран хийдэг гэдгийг албаны хүн мэдээлсэн.

Тэрбээр “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам гэж бий. Үүнд худалдаа үйлчилгээний төрөл, ангиллыг нарийн зааж өгсөн байдаг. Түүнчлэн ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг тус журамд нийцүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах талаар заасан байдаг. Аливаа худалдаа эрхэлж буй иргэн заавал хүсэлт илгээж, худалдаа эрхлэх зөвшөөрөл авна. Үүнд дулааны улиралд тохиромжтой байршлыг зааж, стандарт шаардлагын дагуу үйлчилгээ явуулах ёстой. Хяналт шалгалтыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар долоон дүүргийн хороотой хамтран байнгын хяналт шаардлагыг тавьж байгаа. Худалдаа эрхлэхийг хүссэн иргэд мэдээллээ “Ulaanbaatar.mn” сайтад бүртгүүлэх боломжтой” гэсэн юм.

Худалдаа эрхэлж буй иргэд ойр орчноо цэвэр байлгаж, хүнс бараа бүтээгдэхүүний чанарыг нягтлах шаардлага тавьдаг. Цаанаас тавьсан шаардлагыг асуудалгүй биелүүлчихсэн байхад бэрхшээлтэй зүйл байхгүй гэж байлаа.

Гудамжны худалдаа эрхэлж буй хүмүүсийн талаар иргэдээс тодруулахад “Бүх л улсад ийм зүйл байдаг. Эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь асуудалтай хэдий ч байх л ёстой зүйл. Өөрсдөө бизнес хийгээд, мөнгө олоод явж байгаа энгийн л иргэд. Буруутгах аргагүй. Нэг ч гэсэн айл орлого олж байвал сайн л биз. Гудамжны хоолны хэсэгт гэхэд л олон хүн оочерлож байна. Амт чанар сайн байна л гэсэн үг” гэж байлаа.

Худалдаа эрхлэгч С.Дагийсүрэн “Миний хувьд байнгын үйлчлүүлэгчтэй болохыг зорьдог. Өдөртөө авч ирсэн зүйл заримдаа эрт дуусна. Зарим үед орой дуусдаг. Анхнаасаа ариун цэвэр, стандартыг хангахын тулд нян бактери үржихгүй зориулалтын материалаар хийсэн. Бүгд нэг удаагийн хэрэгсэл. Угаалтуурт гараа угаана. Шугам сүлжээнд холбоогүй учраас зөөврийн устай. Зөвшөөрлийг эхлээд Мэргэжлийн хяналтаас дараа нь Сүхбаатар дүүргийн Тамгын газрын Хүнс, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс авдаг. Ажлын байр олдохгүй байна гэхгүй өөрсдийнхөө амьдралыг болгож байхад болно доо. Тодорхой хэмжээний стандарт, дүрэм журам заавал байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол хоол хүнс хамгийн аюултай.

Дулаан цагт ялангуяа хүнс исэж муудах нь хурдан. Хүссэн хүн нь таарсан газраа зогсоод юу ч хамаагүй зарчихаад явбал хэцүү шүү дээ. Хордлогод орох, эрүүл мэндийн асуудал үүсэх эрсдэлтэй болно” гэлээ.

Иргэдэд гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх орчин нөхцөл бий болгосноор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,  орлогыг нь нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс мэдээлсэн. Хэдий худалдаа эрхлэгчдэд боломж бололцоог бий болгох хэрэгтэй ч бусад иргэдийн эрх ашгийг мартаж болохгүй. Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг ч мартаж болохгүй.

Э.ХУЛАН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж