УИХ-ын сонгууль дөхөхөөр хууль тогтоогчдын хувьд хошуу дүрэхгүй салбар гэж үгүй болдог. Тэрхүү жишгээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Алтай” хотхоны оршин суугчдын жагсаал дээр очиж, хошуу нэмэрлэв. Тэрбээр “3000 гаруй хүүхдийн сурах эрх зөрчигдөж, 16 мянган оршин суугчдын амьдрах орчин тав тух алдагдаж байгаа шүү. Өнөөдөр иргэдтэйгээ нэгдэн хийж байгаа жагсаал, хүргүүлж байгаа шаардлага бол эхлэл гэдгийг онцлох нь зүйтэй. Сургууль барих газрыг нэн даруй чөлөөлсөн тохиолдолд Боловсрол шинжлэх ухааны яамнаас улсын сургууль барих төсвийг шийдсэн байгаа” гэж нүүр номын хуудсаараа ч жиргэлээ.
“Тайгам алтай” ХХК нь анх “Алтай” хотхоныг барьж байгуулахдаа сургууль барина гэдэг амлалт өгсөн ч түүндээ хүрээгүй аж. Түүгээр зогсохгүй дахин орон сууц барихаар ажлаа эхлүүлэх болсныг “Алтай” хотхоны оршин суугчид эсэргүүцэж өнөөдөр /2023.06.12/ жагсаал зохион байгуулсан юм. Харин тэрхүү жагсаал дээр Х.Ганхуяг гишүүн давхиад оччихсон, гол дүрд тоглосонд сонгогчид эгдүүцэж, “Өчнөөн олон жил хүүхдүүд хичээлийнхээ танхимдаа багтахгүй, заримд нь сурах сургууль олдохгүй байхад хөдлөөгүй Х.Ганхуяг сонгууль дөхөхөөр давхиад ирдэг байна шүү” гэхчлэн шүүмжилж байгаа юм.
Цаашдаа сургууль, цэцэрлэг барих нэрээр газрын зөвшөөрөл аваад зориулалтыг нь өөрчилж, хууль зөрчдөг “Тайгам алтай” зэрэг компанид хууль мөрдөх шаардлага тавьж, биелүүлэхгүй бол хариуцлага ногдуулахгүй бол энэ мэт хууль зөрчсөн үйлдэл зогсохгүй, түүн дээр нь улстөрчид очиж, шоу хийдэг улс төр улам төгөлдөржих шинжтэй байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ