Хятадын хөдөөгийн санаачлага иргэдийг ядуурал руу түлхэх вий!

Хятадын хөдөөгийн санаачлага иргэдийг ядуурал руу түлхэх вий!

Хятадын хөдөөгийн санаачлага иргэдийг ядуурал руу түлхэх вий!

Олон улсад янз бүрийн ээдрээтэй нөхцөл байдал үүсэхийн хэрээр Хятадын хүнсний аюулгүй байдал хөндөгдөж буйд тус улсын засгийн газар санаа зовох болсон. АНУ-ын шар буурцаг болон эрдэнэ шишээс хамааралтай болсон гэдгээ Хятад ойлгосон тэр цагт хоёр улсын хооронд худалдааны дайн шинээр эхэлсэн юм.

Орос улсаас Украинд түрэмгийлснээр олон улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсч болзошгүй болсон. Энэ нь Хятадын хүнсний аюулгүй байдлын асуудлыг улам түгшүүртэй болгожээ. Тиймээс тус улс саяхан хөдөөг аврах шинэ санаачлага гаргасан байна. Энэхүү санаачлагын зорилго нь Хятадын хөдөө аж ахуйн газар ашиглалтыг эдийн засгийн ашиг сонирхол гэхээсээ илүүтэйгээр хүнсний аюулгүй байдлын хэрэгцээнд тулгуурлан төлөвлөх явдал юм. Хөдөөгийн санаачлагын дагуу тариалангийн талбайг үржил шимгүй болгохоос сэргийлэх нь нэн тэргүүнд тулгамдсан асуудал юм. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тавих хяналтыг нэмэгдүүлнэ.

Өөрөөр хэлбэл, Хятад улс хязгаарлагдмал тариалангийн талбайн нөөцийг хүнсний үйлдвэрлэлд төвлөрүүлэх гэж байна.

Шинэ санаачлагын дагуу засгийн газар тариалангийн талбайг гурван ангилалд хуваасан. Хамгийн сайн ангилалд багтах газраа “байнгын суурь тариалангийн газар” гэж нэрлэнэ. Ийм тариалангийн талбайд будаа, улаан буудай, эрдэнэ шиш зэрэг хүнсний гол үр тариа таридаг. Дараагийн ангилалд багтах газрыг “ердийн тариалангийн талбай” гэнэ. Ийм газарт хүнсний гол тарианаас гадна хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон бусад бэлэн ургац тариалана. Гуравдугаар ангилал нь ойн аж ахуй болон бусад үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд зориулсан тариалангийн талбай байх юм.

Шинэ ангилал гарснаар тариаланчид хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тариалангийн талбайг өөр зориулалтаар ашиглах боломжгүй болно. Ерөнхийдөө энэ санаачлага нь тариаланчдын эдийн засгийн хөшүүргийг үндэсний аюулгүй байдлын хэрэгцээ шаардлагаар орлуулж байна.

Засгийн газраас өгсөн удирдамжийн дагуу орон нутгийн засаг захиргаа тариалангийн талбайг хамгаалахыг нэн тэргүүний зорилт гэж үздэг. Гуанси хотод л гэхэд энэ нь боловсон хүчний үнэлгээний схемийн нэг хэсэг болсон.

Одоо харин орон нутгийн албаныхан шинэ санаачлагын дагуу өөрийн нутаг дэвсгэр дээрх бүх тариалангийн талбайг судалж, гурван ангилалд хуваах ёстой. Мөн байнгын суурь тариалангийн талбайг нэгтгэх зорилтуудыг тавиад байна.

ОЙ ЭСВЭЛ ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙ

Ерөнхий сайд асан Жу Рунжи 1998 оны үерийн үеэр газар тариалангийн талбайг хэтрүүлэн ашигласан нь экологийн аймшигтай үр дагаварт хүргэсэн. Үүний дараа “Тариалангийн газрыг ойжуулах бодлого”-ыг хэрэгжүүлжээ. Зорилго нь Хятадын ойн нөөцийг хамгаалах, ерөнхий экологийг сайжруулах явдал байв. Энэхүү удирдамжийн дагуу тариалангийн талбайд ой мод огтлохыг хатуу хориглож, орон нутгийн засаг захиргаа бүр ойг нөхөн сэргээх зорилт тавин ажилласан.

Тэгвэл шинэ санаачлагын дагуу тариалангийн талбай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч эхэлснээр тариалангийн газрыг ойжуулах бодлоготой зөрчилдөж эхэлжээ. Өдгөө эсрэгээрээ “Ойг тариалангийн талбай болгох” хөдөлгөөн өрнөж байна гэхэд болно. Орон нутагт мод тайрах ажил өрнөсөн ба тосгон, хороо бүр мод огтлох үүрэг хүлээв. Албан тушаалтнууд ахиц дэвшлийг шалгахын тулд хяналтын багуудыг байгуулжээ.

Мод тайрах ажил нь сүүлдээ бизнес болсон байна. Зарим тосгонд оюутнуудыг цалинтай ажиллуулж байгаа бөгөөд тэдгээр сайн дурынхан өдөрт 100 гаруй юаниар цалинждаг. Тиймээс энэ нь амралтаараа халаасны мөнгө олох гэж оролддог оюутнуудын дунд алдартай ажил болжээ.

Түүнчлэн тэдгээр сайн дурынхан тариачдын гэрт ирж, сайн дураараа мод тайрах гэрээнд гарын үсэг зурахыг албадаж байна. Тариаланчид эсэргүүцсэн тохиолдолд бульдозероор модыг дайрч, тариаланчдыг дардаг.

Гэтэл тариаланчид үүний төлөө ямар ч нөхөн олговор авдаггүй. Тэдний хувьд алдагдлаа нөхөх цор ганц арга нь модны үлдэгдэл хаягдлыг зарж, мөнгө болгох явдал юм.

Тариаланчдын хувьд ойн аж ахуй бол маш чухал ажил. 1998 онд хэрэгжсэн “Тариалангийн газрыг ойжуулах бодлого”-ын дагуу олон тариаланч ашиг олохын тулд үр тариа тариалах бараг боломжгүй алслагдмал талбайд мод тарьжээ. Мод нь засвар үйлчилгээ бараг шаардахгүй атлаа тогтвортой нэмэлт орлогын эх үүсвэр болдогоороо давуу талтай. Тиймдээ ч тариаланчдыг ядуурлаас гаргахад ойн аж ахуй чухал үүрэг гүйцэтгэжээ.

Жимсний үйлдвэрлэл нь хөдөөгийн орлогын бас нэгэн чухал тулгуур. Гэтэл жимсний модоо хүртэл тайрахад хүрсэн нь тариаланчдын дунд түгшүүр төрүүллээ. Гуанси зэрэг олон мужид жүрж болон бусад жимс тариалах нь орон нутгийн эдийн засгийн тулгуур багана болдог. Жимсний үйлдвэрлэл нь ашиг өндөрөөс гадна гар ажиллагаа бага шаарддаг давуу талтай.

Жүрж тариалдаг байсан тулдаа л хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадсан гэх хүн ч байна. Тиймээс “Ойг тариалангийн талбай болгох” шинэ санаачлага нь иргэдийг ядуурал руу түлхэх вий гэж санаа зовж байна.

Түүнчлэн шинээр сэргээсэн тариалангийн талбайнуудад ажиллахад хүндрэлтэй байгаа аж. Нэгдүгээрт, эдгээр нь ихэвчлэн алслагдсан, ядуу бүс нутагт байрлаж байна. Хоёрдугаарт, газрыг айл айлаар нь хуваасан байсан шугамыг бульдозероор устгасан тул тариаланчид өөрийнх нь газар хаанаас хаа хүртэл үргэлжлэхийг мэдэхээ больжээ. Тиймээс хөршүүдтэйгээ зөрчилдөхөөс цааргалж эдгээр газрыг ашиглахаас татгалзав.

Covid-19-ийн хатуу бодлого дууссан ч Бээжин иймэрхүү кампанит ажлыг бодлогын зорилгодоо хүрэх арга зам гэж үзсээр л байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-13 118.221.209.8

жимс самрын мод тарих зөв шдээ агаар ч сайжирна

Avatar

Нэргүй 2023-06-13 213.87.149.236

>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж