Германы зүүн хойд хэсэгт орших Мекленбург-Өрнө Померан муж улсын удирдагч Мануэла Швесиг Оростой гэрээ хийсэн гэх үндэслэлээр огцрохыг шаардаж байна. Сөрөг хүчний улстөрч Фридрих Мерц түүнийг огцрохыг уриалжээ.
Тэрбээр 2018 онд Москвад айлчилж, Аж үйлдвэрийн сайд Денис Мантуровтой уулзаж байжээ. Энэ үеэрээ Орост нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоцны эд ангиудыг худалдах гэрээг сурталчилсан нь илчлэгдсэн байна.
Тодруулбал, Мекленбург-Өрнө Померан муж улс дахь Луратек нэртэй герман компани нь Кремлийн дэмжлэгтэй "Russian Helicopters" компанид эд ангиуд худалдсан болох нь илэрчээ. Гэтэл "Russian Helicopters"-ын тэргүүн Сергей Чемезов нь Европын холбооны хориг арга хэмжээнд байгаа аж. Түүнчлэн хоёр компани нисгэгчгүй нисдэг тэрэг хамтран бүтээхээр болжээ.
Мануэла Швеси өмнө нь Оросын байгалийн хийн аварга Газпромтой харилцаа холбоотой гэж шүүмжлүүлж байсан. Тодруулбал, тэрбээр "Хойд урсгал 2" хийн хоолойг сурталчлах зорилгоор байгаль орчны хуурамч төрийн бус байгууллага байгуулсан нь илэрсэн аж. Оросоос Украинд довтлохын өмнөхөн Герман улс "Хойд урсгал 2"-ыг зогсоосон. Улмаар уг хоолойг 2022 оны есдүгээр сард үл мэдэгдэх хорлон сүйтгэгчид дэлбэлжээ.
Эх сурвалж: THE TELEGRAPH