"Алтай" хотхонд 13 жилийн хугацаанд нэг ч улсын сургууль бариагүй

Хуучирсан мэдээ: 2023.06.12-нд нийтлэгдсэн

"Алтай" хотхонд 13 жилийн хугацаанд нэг ч улсын сургууль бариагүй

"Алтай" хотхонд 13 жилийн хугацаанд нэг ч улсын сургууль бариагүй

“Алтай” хотхоны оршин суугчид хүүхдийн сургууль барих газрыг чөлөөлөхийг шаардаж өнөөдөр /2023.06.12/ жагсаал зохион байгууллаа.


Нийт 10 мянга гаруй оршин суугчтай энэ хотхонд одоог хүртэл улсын сургууль, цэцэрлэг бариагүй. Сургууль барих талбай дээр "Тайгам Алтай" ХХК өөр зориулалтын барилга, байгууламж барих гэж байгааг оршин суугчид хэлж байв.

“Алтай” хотхоны оршин суугчид “Манай хотхонд сургуулийн насны 3000 гаруй хүүхэд бий. Гэвч одоог хүртэл хотхон дотроо сургууль, цэцэрлэггүй хэвээр. Хүүхдүүд сургуульдаа явахын тулд маш их эрсдэлтэй тулгардаг. Тэдний амь насанд ч эрсдэл учрах аюул байна. Энэ хавьд машин битгий хэл явган хүн явах боломж бүрдэхгүй байна. Оршин суугчид цаашдаа ч тэмцэх болно. Хотхоны хүүхдүүдийн сурч боловсрох эрх нь бүрэн хаагдаад байна.

“Тайгам Алтай” компани олон барилга, байшин барьсан хэр нь нэг ч сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдээгүй. Өнөөдөр 3000 гаруй хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Энэ бол том аюул. Иймээс ч нийт оршин суугчид жагсаалд оролцож, дуу хоолойгоо хүргэж байна. "Тайгам Алтай" компанийн удирдлага, зохих шатны ажилчид энэ асуудлаа шийдэх цаг болсон. Оршин суугчидтай хамтарч, болж бүтэх талаас нь тохиролцъё гэхээр ирдэггүй. Манай хорооны дарга ч удаа дараа тус компанийн захиралтай уулзаж байсан юм билээ. Гэвч асуудлыг огт хүлээж авдаггүй. Цаашдаа оршин суугчдын асуудлыг авч хэлэлцэж, шийдвэрлэхгүй байвал дахин энэ хотхонд ямар ч барилга бариулахгүй. Оршин суугчид тэмцэх болно" гэлээ.

"АЛТАЙ" ХОТХОНЫ СУРГУУЛИЙН НАСНЫ 3000 ГАРУЙ ХҮҮХЭД ХОХИРЧ БАЙНА "

“Алтай” хотхоны оршин суугч сурагч “Гэрээс сургууль явах зам хол санагддаг. Сургуульд орсноосоо хойш алхаж явъя гэж боддог ч хол дээрээс нь түгжрэл, машин их учраас алхах нь аюултай санагддаг. Эцэг эх маань завгүй байдаг учраас заавал нэг нь ажлаа тасалж байж хүргэж өгдөг. Хотхон дотроо сургуультай болчихвол аюулгүй бас хичээлээсээ хоцрохгүй, эцэг эхдээ төвөг удахгүй. Барилга зөндөө байна. Өөр дахиж барилга баримааргүй байна. Энд сургууль бариад өг гэж хэлмээр байна” гэв.

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны Засаг дарга "Манай хороонд улсын сургууль байхгүй. Хувийн хоёр сургуультай бөгөөд төлбөр нь өндөр.

Үүний нэг нь 4.5 сая төгрөг, нөгөөх нь 5.5 сая төгрөгийн төлбөртэй. Хотхон дотор сургуульгүйгээс болоод яах аргагүй бага сургуулийнхаа хүүхдүүдийг эцэг эхчүүд өндөр төлбөртэй ч гэсэн өгөхөөс өөр аргагүй байдаг. "Алтай" хотхон ашиглалтад ороод 13 жил болж байна. Энэ хугацаанд улсын сургууль баригдаагүй" гэдгийг хэллээ.

БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр “Сүүлийн үед баригдсан хотхон хорооллуудын дотор хамгийн гол тулгамдаж буй асуудал нь сургууль, цэцэрлэгийн асуудал байна. Байшин барилга дотор хүүхэд амьдрахгүй юм шиг хэтэрхий чигжиж барьчхаад бусдад худалдан борлуулчихсан. Боловсролын төр захиргааны байгууллага, боловсролын сайд газрын асуудалд хуулийн хүрээнд оролцох эрх мэдэл байхгүй. Эхний ээлжид гурван ээлжээс гарах хөтөлбөрийн хүрээнд бага сургуулийг түрээсэлж тус асуудлыг шийдэх ажил хийж байна. Улсын төсвөөр тухайн газар сургууль цэцэрлэг барихаар төсөвлөсөн байхад газрын асуудлаас болж гацчихдаг. Энэ хот, дүүргийн удирдлагуудын ажил. Газраа чөлөөлөөд өгчихвөл улсын төсвөөс сургууль цэцэрлэг барих эх үүсвэр байна” гэж хэллээ.

Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж