Филиппиний хамгийн идэвхтэй галт уул Майон идэвхжиж, лаав урсаж эхэлжээ. Тус бүс нутагт хэдэн арван мянган ядуу тариачин амьдардаг. Уулын энгэр лүү өнгөрсөн шөнөөс лаав урсаж эхэлсэн тул албаныхан цаашдын үйл ажиллагаанд бэлдэж байгаа гэдгийг Филиппиний Галт уул судлал, газар хөдлөлт судлалын хүрээлэнгийн захирал Тересито Баколкол хэлэв.
Майон галт уулаас зургаан км радиуст амьдардаг дор хаяж 12800 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Нийслэл Манилагаас зүүн өмнө зүгт 330 км зайд орших хэсгийг байнгын аюултай бүс гэж тооцдог. Гэсэн хэдий ч олон мянган хүн өөр очих газаргүй тул тэндээ амьдарсаар байна.
Лаав урсах нь идэвхжил нэмэгдэж буйн шинж тэмдэг юм. Түүнчлэн сүүлийн 24 цагийн дотор галт уулаас 260 орчим чулуу нурж, 21 удаагийн чичирхийлэл бүртгэгджээ. Мужийн галт уул судлаачдын мэдээлснээр Бямба гаригт хүхрийн давхар ислийн ялгарал мөн гурав дахин нэмэгдсэн байна.
Дэлбэрэлт ойртсон үед хүхрийн давхар ислийн хий эсвэл үнсний тоосонцороор амьсгалсанаас болж хүний эрүүл мэндэд асуудал үүсдэг.
Филиппинд галт уулын дохиоллын таван шатлалт систем байдаг. Өдгөө гуравдугаар түвшний аюултай байгаа бөгөөд энэ нь хэдэн долоо хоног юм уу хэдэн өдрийн дараа дэлбэрэх магадлалтай гэсэн үг. Тус улсад идэвхтэй 24 галт уул байдаг бөгөөд хамгийн сүүлд 2018 онд хүчтэй дэлбэрэлт болж байжээ. Газар зүйн байрлалын хувьд Филиппин нь дэлхийн ихэнх газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт болдог хагарлын ирмэг болох Номхон далайн "Галын цагираг" дээр байрладаг.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ