"Хүүхдийн хөдөлмөрийг устгасан анхны орон болох боломжтой"

Хуучирсан мэдээ: 2023.06.12-нд нийтлэгдсэн

"Хүүхдийн хөдөлмөрийг устгасан анхны орон болох боломжтой"

"Хүүхдийн хөдөлмөрийг устгасан анхны орон болох боломжтой"

Үндэсний статикийн хорооноос гаргасан судалгаагаар хөдөлмөр эрхэлж буй таван хүүхэд тутмын гурав нь 5-12 насны хүүхэд байна. Мөн таван хүүхэд тутмын хоёр нь аюултай ажил эрхэлж байгааг албаныхан онцлов. Монгол Улс хүүхдийн хөдөлмөртэй холбоотой үндсэн конвенцуудыг соёрхон баталж, хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 нас байхаар тогтоосон. Мөн 13-14 насны хүүхдийг хөнгөн ажил эрхлэхийг зөвшөөрч, хүүхдэд аюултай ажлын жагсаалтыг баталсан байдаг. Гэвч энэ бүхэн амьдрал дээр бус цаасан дээр хэрэгжиж байна гэдгийг өнөөдөр /2023.06.12/ зохион байгуулж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхий зөн олон улсын байгууллага хамтарсан хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. 

Хүүхдүүд ихэвчлэн ус зөөх, түлээ, мод бэлтгэх үйл ажиллагаанд болон хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлж байна.

Бүх насны бүлэгт охидтой харьцуулахад хөвгүүд ихээр хүүхдийн хөдөлмөр эрхэлж байна. Аюултай ажил эрхэлж буй 10 хүүхэд тутмын долоо нь ажил, мэргэжлийн хувьд аюултайд тооцогдож, эдгээр хүүхдийн 1.2 мянга нь эмгэг сургах эсвэл хурдны морь унах, хурдны морь уяхад туслах үйл ажиллагаанд оролцжээ. Энэ бүхэн хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байв.

МОНГОЛ УЛСАД 138 МЯНГА ГАРУЙ ХҮҮХЭД ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  Н.Баярмаа:

-Монгол Улс 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн баталж ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчимд “хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах” зохицуулалтыг хуульчилж өгсөн. Тодруулбал, насанд хүрээгүй хүнийг ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулах, мөн уртын гэрээгээр ажиллуулахыг хориглосон. Оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх болон хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон. Хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөг хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бусаар үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглосон.

Хүүхдийн аюултай ажил гэж хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуун, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх аюултай шинж чанар бүхий (аюултай орчин, тоног төхөөрөмж, салбар, ажил мэргэжил) аливаа ажил, үйл ажиллагаа юм.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар(татан буулгасан)-тай хамтарсан төлөвлөгөө гаргаж хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтын хэрэгжилтэд хяналт шалгалт хийдэг. Өнгөрсөн жилийн байдлаар 317 хүүхдийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд холбон жуулчилж, аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөгөө өгсөн байна. Хүүхдэд хөдөлмөр эрхлүүлэхгүй байх тал дээр олон нийтийн ойлголт мэдээллийг сайжруулах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байна гэв.

Хөдөлмөрийн хүрээний суурь эрх зарчмын ахлах мэргэжилтэн Барати Флуг:

-Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нь тухайн хүүхдийн нас болон ямар нөхцөл байдалд ажиллаж байгаагаас шалтгаална. Ихэнх улс орон олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцод өөрийн хуулиа нийцүүлсэн байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн талаар ажил олгогч, хүүхэд болон гэр бүлд мэдээлэл өгөх ёстой. Мөн хүүхэд өөрийн эрхээ сайн мэддэг байх шаардлагатай. Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенц, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенц, 1930 оны Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцод нэгдсэн бөгөөд 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн. Үүний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.

Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт хүн амын тооноос ихээхэн хамаардаг.

Жишээлбэл, Энэтхэг, Индонез зэрэг улс хүн ам ихтэй учраас хүүхдийн хөдөлмөр эрхлэлт их байдаг. Хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тооноос гадна нийт хүн амд эзлэх хувийн зонхилолтыг авч үзэх хэрэгтэй. Монгол Улсын хувьд хүүхдийн хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоо бага. Тиймээс бүх оролцогч талууд хамтран ажилласан тохиолдолд хүүхдийн хөдөлмөрийг устгасан анхны орон болох боломжтой гэж харж байна гэлээ.

 

Э.Хулан

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж