"Хурд"-ынхан энэ бүхнийг хар багаасаа хүсч, мөрөөдөж ирсэн. Өнөөдрийг хүртэл 30 жил тасралтгүй хүсэл мөрөөдөлдөө үнэнч, тууштай явж ирснийг минь та бүхэн шагналаа. Та бүхэндээ зүрх сэтгэлээсээ баярлалаа"… Энэ бол тэдний үнэнч сонсогчдодоо хандаж хэлсэн чин сэтгэлийн үг. Тэд 30 жил Монгол эх орноо, аав ээжээ бас гал халуун хайр дурлал, зоригт эрчүүд, бүсгүйчүүдээ магтан дуулж, олон сайхан түүхийг хамтдаа бүтээсэн гавьяатай.
Тэд Монголын рок попын ертөнцийн хамгийн өнөр өтгөн гэр бүл гэдгээ "Хурд-30" ойн баярын тоглолтоороо харуулж чадлаа.
Учир нь энэ зун Төв цэнгэлдэх хүрээлэнд хэд хэдэн хамтлаг дуучдын тоглолт болсон. Гэхдээ үзэгчдийн хүсэн хүлээсэн уур амьсгал, хүлээлтээс илүү гарч чадаагүй. Төв цэнгэлдэх хүрээлэн бол хамгийн том задгай талбайтай тайз гэдгээрээ онцлог. Тиймээс энэ тайзыг хэн дуртай уран бүтээлч нь “амлаж” тоглолт хийдэггүй. Харин "Хурд" хамтлагийнхан энэ том орон зайг дүүргэж, монгол түмнийг нэгтгэв.
Амьд хөгжмийн тоглолт гэхээр л нийтлэг дүр зургаар төсөөлдөг. Зохион байгуулалт муутай, оочер дугаар үүсгэсэн, эмх замбараагүй гээд л…Харин энэ удаагийнх тийм биш байлаа. Зохион байгуулалтаасаа эхлээд цэгцтэй, соёлтой, уран бүтээлчид нь "Хурд"-ынханд хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирж, ая дуугаа өргөв. Үнэнч сонсогчидтойгоо ойн баяраа хамт тэмдэглэхээр өнгөрсөн намрын есдүгээр сараас эхлэн бэлтгэлээ базааж, зургадугаар сарын 10-ны өдөр товоо зарласан. "Хурд" хамтлаг Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийх зараа түгээсэн нь фенүүдийнх нь хувьд том хүлээлтийг үүсгэсэн.
Тэр ч утгаараа тэд задгай талбайд 35 мянга гаруй үзэгчийг анх удаа нэг дор цуглуулж чадлаа.
Тэдний төрсөн өдрийн нүсэр тоглолтын арын албанд нийт 1000 орчим хүн ажилласан байна. "Хурд" хамтлагийн анхны "Хар салхи" тоглолтыг 1994 онд Улсын циркт "On’Off" продакшний найруулагч С.Ононбат найруулж, шинэ салхи сэвэлзүүлж байсан бол өдгөө 30 жилийн дараа Төв цэнгэлдэх хүрээлэнд жинхэнэ "хуй салхи"-г хуйлруулав.
Гавьяат жүжигчин, “Хурд” хамтлагийн продюсер Д.Отгонбаяр "Хурд" долоон хүний өмч бус монгол түмний зүрх сэтгэл, ард түмний өмч болсон" хэмээн ард түмэндээ талархлаа илэрхийлсэн юм.
Тоглолтын оргил хэсэгт "Хурд" хамтлагийнхныг төрүүлж өсгөсөн хоёр ээж тайзнаа гарч сэтгэгдлээ хуваалцав. "Миний хүүхдүүдийн 30 жилийн ойн баярыг үзэж суугаад маш их баярлалаа. Ээж нь хүүхдүүдээрээ бахархаж байна шүү. Улам их уран бүтээл туурвихыг ерөөе" хэмээн 86 настай буурал ээж чин сэтгэлийн үгээ сүүн цацлын хамт өргөн барилаа. Тэрбээр үр хүүхдүүдээ эвтэй найртай байхыг бэлгэдэж, эвийг гагнаж, энхийг ерөөж явах таван сум гардуулсан юм.
Ийн монголчууд “Цэргийн бодол”, “Эх орон”, “Хамаг Монгол”, “Аавдаа би хайртай”, “Ээждээ”, “Чи минь байгаа болохоор”, “Хайрын улаан сарнай, “Эндүүрэл” зэрэг ард түмний сэтгэлд хоногшин, домог болон эгшиглэж, дуулагдаж ирсэн 40 гаруй дууг хамтдаа дууллаа.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ