Украины арми нутгийн зүүн өмнөд хэсгийн гурван тосгонд хяналтаа тогтоосон гэж мэдэгдлээ. Энэ нь удаан хүлээсэн сөрөг довтолгооны эхний ялалт болох юм. Донецк муж дахь Блаходатне болон Нескучне тосгонд цэргүүд баяраа тэмдэглэж байгааг цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдээс харж болно. Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малярын хэлснээр зэргэлдээ Макаривка тосгоныг ч бас Украины арми хяналтдаа авчээ.
Украины ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн Бямба гаригт сөрөг довтолгоо эхэлсэн гэдгийг албан ёсоор зарласан. Түүний мэдэгдлээс хойших анхны чөлөөлөгдсөн суурингууд нь дээрх гурван тосгон юм.
Украиныг дэмжигч цахим хуудсуудаар Блаходатне дахь шатсан барилгын гадна Украины далбааг мандуулж буй цэргүүдийн бичлэгийг нийтэлжээ. Блаходатне нь дайны өмнөхөн ердөө 1000 оршин суугчтай байсан тосгон юм. Гэхдээ энэ тосгон нь Мариуполь хот руу чиглэсэн зам дээр байрладаг бөгөөд үүгээр дамжуулан Украины арми ойрын саруудад боомт хотыг эргүүлэн авахыг эрмэлзэж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн Украины арми Крым болон Донецкийг холбосон хуурай замын гүүрийг эвдэж, Оросын цэргийг хойгт тусгаарлахыг хүсч байж болзошгүй аж.
Украины жанжин штабаас өнөөдөр мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд 25 мөргөлдөөн гарчээ. Довтолгооны цар хүрээ тодорхойгүй хэвээр байгаа ч АНУ-д төвтэй Дайны судалгааны хүрээлэнгээс мэдэгдсэнээр Украины цэргүүд фронтын дөрвөн бүсэд довтолж байна.
Оросын бэхлэлтийг шалгах явцдаа Украины арми зарим нэг бүтэлгүйтэлтэй ч тулгарчээ. Тодруулбал, өнгөрсөн Пүрэв гаригт украинчууд Запорожье мужийн зүүн өмнөд хэсэгт болсон халдлагын үеэр АНУ-д үйлдвэрлэсэн Брэдли маркийн хэд хэдэн байлдааны машинаа алдсан байна. Нийт есөн машин байдгаас зургааг нь алджээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ