УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.06.12/ мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Сүүлийн үед бизнес эрхлэгчид рүү дайрдаг хандлага маш их болж байна. Тэр тусмаа зах зээлийн эдийн засаг гэдэг чинь зээл, хөрөнгө оруулалт дээр тулгуурладаг. Хууль ном журмын дагуу зээл авч, төлөөд явж байгаа нэгнээ хавтгайруулж, нийгмээрээ буруутгаж байна. Энэ асуудалд тал талын байр суурьтай хандах нь зүйтэй. Боловсролын зээлийн сангийн асуудалд тухайн үеийн зээлийн журам нь ямар байсан юм бэ. Л.Гантөмөр даргын хүүхэд нь шаардлага хангаад зээл авсан гэдэг мэдээлэлтэй байгаа. Ер нь сөрөг хүчнээ намнаж, харлуулдаг болж. Нэг хэвлэлд Ардчилсан намын даргын суудалд бурхан байсан ч харлуулдаг гэсэн нийтлэл бичсэн байсан. Энэ бол өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал. Эрх баригчид өнгөрсөн жил халамжаас хөдөлмөрт шилжинэ гэж байсан. Бид ч гэсэн үүнийг зөв зүйтэй гэж дэмжиж байсан.
Гэтэл бага багаар дуу нь суларсаар байгаад тэр үг бүрмөсөн алга боллоо. Баялаг бүтээж бий болгоогүй, түр зуурын эдийн засгийн өсөлтөөр бий болсон мөнгийг үрэн таран хийж байна. Хий хоосон тооцоолол дээр сонгуулийн өмнөх шоу хийж байгаад болгоомжтой хандаж байна.
Үнэхээр цалин тэтгэвэр нэмэх шаардлагатай юу гэвэл тийм. Яагаад гэвэл бид одоо 150 ам.долларын цалин, тэтгэвэртэй улс болоод байна. Гэтэл үүний цаана ердийн бизнес эрхэлж буй 700 мянган иргэн байна. Үүнд ямар хөшүүрэг хийх вэ. Халамжаас хөдөлмөр рүү шилжих хавсарсан бодлогын шийдэл байхгүй байна. Том дүнгээр халамжийн сан л нэмэгдэж байна. Улсын төсвийн ДНБ-д эзэлж буй харьцаа түүхэн дээд хэмжээ рүү ойртож байна. Бараг 40-өөд хувь руу ойртсон. Данхар төр рүү шилжиж буй нөхцөл байдал руу явж байна" гэв.
"АРД ТҮМНИЙ ХАЛААСНААС ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ БУЦААЖ ӨГӨХ ГЭЖ БАЙНА"
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Ардчилсан намын гишүүд сая нэгдсэн байр сууриа ярилцлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн авлигатай тэмцэж, түүнээсээ орлого олж байгаа юм шиг ярьж байна. Тэр мөнгөөрөө цалин тэтгэвэр нэмнэ гэнэ. Энэ бол худлаа. Олон улсын зах зээл дээр коксжсон нүүрсний үнэ унасан. Тэр 180 ам.доллараар хил дээр зарах чадамжгүй боллоо. Засгийн газар цалин тэтгэврий нэмэхдээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж нэмэх ёстой байсан. Ирээдүйд олохгүй орлогоор цалин, тэтгэврийг нэмэх гээд байна. Гурван жил дараалан инфляци 10-аас дээш хувьтай байх энэ цаг хугацаанд яагаад төсөв ярихдаа цалин, тэтгэврийн зөв хуваарилалтыг хийгээгүй юм бэ. Биднийг хэлэхээр тоохгүй. Сонгууль дөхөөд ирэхээр бид цалин, тэтгэвэр нэмж байна гэх юм. Ард түмний халааснаас хулгайлсан мөнгөө буцааж өгөх гэж байна. Өнөөдөр 14 их наяд төгрөг иргэдийн халааснаас алдагдсан. Өнөөдөр үүнээс 1.8 их наяд төгрөгийг л нөхөж өгөх гэж байна.
Бид энэ асуудлаар үргэлжилвэл эдийн засгийг аврах ямар ч боломжгүй болно. Тэр олон яам, сайд, төрийн өмчит компаниудаа татан буулгаж, цалин тэтгэврийн зөрүүг хийх ёстой.
"Г.ГАНБОЛД ГИШҮҮН 6 ЦАГ ХҮЛЭЭЛГЭЖ, ДАРГА НАРААСАА ЧИГЛЭЛ АВЧ СОНСГОЛЫГ ХОЙШЛУУЛСАН"
Мөн тэрбээр "Нүүрсний дэд хорооны гишүүний хувьд дөрөвдүгээр сарын 6-нд нүүрсний сонсголыг хийнэ гэсэн. Бидний зүгээс энэ асуудалд шинжээчийн дүгнэлттэй танилцаж, асуудлыг шийдэхийн төлөө байсан. Нийт 100 орчим хүнийг сонсгол дээр дуудаж, гэрчийн нэрсийг зарлах түр хорооны хурал дээр дарга Г.Ганболд гишүүн маань зургаан цаг хүлээлгэсэн. Сонсгол хийх өдрийн өмнөх өдөр. Тэгээд ирээд нүүрсний сонсголыг хойшлуулах санал оруулж, санал хураалгасан. Манай намаас хоёр гишүүн байсан учраас эсэргүүцсэн. Тэр цагаас хойш хуралдахгүй байна.
Тухайн үед Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэргүүтэй намынхаа дарга нар дээр байж байгаад чиглэл авч хойшлуулсан. ХҮН намын дарга Т.Доржханд бас хурал хойшлуулахыг дэмжсэн" гэсэн юм.
Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтаар нийтийн сонсгол хийх шаардлагыг УИХ-д хүргүүлж байна.
Холбоотой мэдээ