ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хувийн цэргийн компаниудыг бүгдийг нь холбогдох яамны хяналтад байлгахыг Бямба гаригт тушаажээ. Энэ нь сайн дурын нэгдэлд шаардлагатай эрх зүйн статусыг олгох, иж бүрэн дэмжлэг үзүүлэх, даалгаврын гүйцэтгэлийг зохион байгуулах стандарт арга барилыг бий болгох зорилготой.
Хувийн цэргийн компани гэдэг нь "Вагнер" тэргүүтэй сайн дурын нэгжүүдийг хэлдэг. Гэхдээ Орост ийм компаниудыг албан ёсоор хориглодог аж.
Сергей Шойгугийн мэдэгдлийн дараа "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин эрс татгалзсан мэдэгдэл хийв. Тэрбээр "Батлан хамгаалах яамтай ямар ч гэрээ байгуулахгүй. Вагнер нь Оросын Зэвсэгт хүчний ангийн командлагч нартай үйл ажиллагаагаа аль хэдийнэ зохицуулсан бөгөөд өндөр үр дүнтэй бүтэц болж ажилладаг" гэжээ.
Сергей Шойгу, Пригожин нарын зөрчилдөөний хамгийн сүүлийн жишээ нь хувийн цэргийн компаниудыг яамны хяналтад авах гэсэн энэ оролдлого болж байна. Евгений Пригожин нь Оросын Батлан хамгаалахын сайдыг удирдах чадваргүй гэж шүүмжилсээр ирсэн. Тэрбээр Бахмутыг эзлэх оролдлогын үеэр Оросын цэргийн удирдлагуудыг хөлсний цэргүүддээ сум нийлүүлээгүй гэж шүүмжилсэн. Мөн Сергей Шойгу болон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов нарыг "Оффисдоо хэвтэж буй тарган муурнууд" гэж нэрлэсэн байна.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ