Нью-Йоркод амьдардаг нэгэн комедиан Малайзын онгоц осолдсон талаар хошигносон нь Малайз, Сингапур хоёрын хооронд маргаан дэгдээв. Малайзын агаарын тээврийн "MH370" нислэг 2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала Лумпураас Бээжин чиглэлд нисч байгаад сураггүй алга болсон. Тус онгоцонд бүхээгийн багийнхан болон 239 зорчигч явжээ. Нислэгт юу тохиолдсон нь одоо хүртэл тодорхой болоогүй бөгөөд үе үе онгоцны хог хаягдал нь олддог аж.
Комедиан Жоселин Чиа өмнө нь хуульч байсан. Малайзын онгоцыг нисч чаддаггүй гэж хошигносон түүнийг бичлэг өнгөрсөн долоо хоногийн эхээр цахим сүлжээнд тавигджээ.
Сингапур нь 1963-1965 онд Малайзын 14 мужийн нэг байж байгаад салан тусгаарласан. Жоселин Чиа хошигнолдоо энэ талаар мөн дурджээ. Тэрбээр 1965 онд хоёр улс салснаас хойш Сингапур дэлхийн тэргүүлэгч орон болж, Малайз нь хөгжиж буй орон хэвээр үлдсэн гэсэн утгатай үг хэлжээ.
Түүний хошигнол Малайзад ч, Сингапурт ч маргаан дагуулав. Тухайлбал, Малайзын улс төрийн томоохон намуудын нэг Нэгдсэн Малайзын үндэсний байгууллагын залуучуудын жигүүр Баасан гаригт Куала Лумпур хотноо АНУ-ын Элчин сайдын яамны өмнө жагсч, уг хошигнолыг доромжлол гэж үзэж буйгаа илэрхийлжээ. 100 орчим жагсагч болон төлөөлөгч АНУ-ын дипломат төлөөлөгчийн газарт санамж бичиг гардуулсан байна.
"Энэ бол нийт ард түмний хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй зүйл. Үг хэлэх эрх чөлөө байж болох ч мэдрэмжтэй байх ёстой" гэж жагсагчид хэлжээ.
Сингапур улс энэ явдалтай холбоотойгоор Малайзаас уучлалт гуйжээ. Сингапураас Малайзад суух төлөөлөгч Вану Гопала хэлэхдээ "Жоселин Чиагийн хошигнол нь ямар нэг байдлаар бидний үзэл бодлыг тусгаагүй. Түүний хэлсэн үгийн төлөө би бүх малайзчуудаас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна" гэв. Түүнчлэн "Жоселин Чиа мэдээж сингапурчуудын өмнөөс ярьдаггүй. Бид түүний аймшигт мэдэгдлүүдийн төлөө айж сандарч байна. Бид Малайз дахь анд нөхөдтэйгөө эвтэй харилцааг эрхэмлэдэг. Малайзчуудыг гомдоосонд харамсаж байна" гэж Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан жиргэжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ