Тэд улсаа нэгд эрэмбэлдэг бол бид адагт тавьдаг!

Хуучирсан мэдээ: 2023.06.12-нд нийтлэгдсэн

Тэд улсаа нэгд эрэмбэлдэг бол бид адагт тавьдаг!

Тэд улсаа нэгд эрэмбэлдэг бол бид адагт тавьдаг!

Гучаад жилийн өмнө Казахстан, Монгол хоёр далайд гарцгүй, хөгжлийн төвшингөөрөө ядуу буурай улс орны ангилалд хамтдаа бичигдэж байв. Харин өнөөдөр Казахстан нь Монголыг хөгжлийн үзүүлэлтээрээ хол хаяж, төв Азийн тэргүүлэх гүрэн болжээ. Байгалийн баялаг, хөдөө аж ахуй дээрээ түшиглэн хөгжсөн тус улсын нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 1993 онд дөнгөн, данган 1400 орчим ам.доллар байсан бол өдгөө 10 мянган ам.доллар давсан агаад Евразийн хамгийн том дэвшилтэт дижитал төв болох зорилт дэвшүүлснээ  ерөнхийлөгч Токаев нь саяхан зарласан байна.

Тэгвэл “Дижитал Монгол Улс”-ийн ДНБ-ий 25, экспортын орлогын 90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг хэдий ч 2022 онд нэг монгол хүнд оногдох ДНБ нь 5000 ам.доллар давсанд баярлах нь холгүй сууна. Нэг гараанаас зэрэг эхэлсэн хоёр улсын эдийн засгийн үзүүлэлтүүд яагаад ийм хол зөрүүтэй байна вэ.

Хариулт нь хүний улстөрчид улсынхаа эрх ашгийг нэгд эрэмбэлж ирсэн бол Монголын улстөрчид хүний эрх ашгийг тэргүүнд тавьж ирсэнтэй холбоотой. Төмөр замын төслүүдээс эхлээд эрчим хүчний эх үүсвэр барих сургаар төв талбай дээрээ гарч жагсдаг, Төрийн ордон дотроос тээг тавьдаг улстөрчидөө эх оронч гэж итгэж ирснийхээ хүртэх ёстойг хүртэж байна.

Товчхондоо, хэдэн малынхаа буянд сайхан амьдарна гэж хууртсан хэдэн “мал”-ынхаа ачаар улстөрчид нь хөлжиж, улс нь ядуурчээ. Казахстан нь дэлхийн ураны нөөцийн 15 хувийг бүрдүүлдэг, үйлдвэрлэлээрээ нэгд бичигддэг бол Монгол Улс нөөцөөрөө эхний 10-т ордог, энэ салбарт тэдний гол өрсөлдөгч болох бүрэн боломжтой.

Нэг үеэ бодвол ураны цахилгаан станц нь хөгжлийн хөдөлгүүр болохыг иргэд зах зухаасаа ойлгож эхэлсэн ч дийлэнх нь зургаан хөлтэй ямааны үлгэрт өдгөө ч үнэмшиж магадгүй.

Худал үгийг мянга давтаж үнэн болгох пропганда Монголд гадаад, дотоодын захиалгаар гардан хэрэгжүүлэгчид нь Төрийн ордонд ч сууж байна, төв талбай дээрээс чарлаж байна. Тэд ОХУ-аас дэмжлэг аваад Франц руу "дайлаар мордох" гэнэ лээ. Энэ мэт жижиг улс төрийн том эдийн засагтаа учруулдаг хор хөнөөл нь хэдэн арван жилээр үргэлжилдгийн тод жишээ гэвэл төмөр замын төслүүдийг нэрлэж болно.

Францын ерөнхийлөгч Э.Макроны өнгөрөгч тавдугаар сард хийсэн хугас хоногийн айлчлалтай зэрэгцээд “унтаж” байсан уран судлаачид гэнэт идэвхжих болсон нь Монголыг “савартаа” байнга базах сонирхолтой баавгайн “архираан” байх магадлал тун чиг өндөр. Нэгэн цагт оросуудын тулган шаардалтын дагуу С.Баярын Засгийн газар Канадын “Хан ресурс”-ийг Мардайн ордоос шахан гаргасны хариуд нь Монгол Улс 100 сая ам.долларын өрөнд унасан юм. Монгол Улсын Засгийн газраас зарласан “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд дөрвөн багц эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөхөөс гадна өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангахын тулд байгаль орчинд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэд технологид суурилсан эрчим хүчний эх үүсвэр барих хэрэгцээ эдийн засаг талаасаа ч эрүүл мэндийн хувьд амин чухал асуудал болсон.

Тэгэхээр эрүүл мэнд, экологи, эдийн засгийн ач холбогдолтой эрчим хүчний төсөл гэвэл ураны цахилгаан станц л байна.

Сайн мэдээ нь, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уран үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Франц улсын "Орано" компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг өнгөрөгч сард байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар товч мэдээлэхдээ ураны салбарт гуравдагч орны хөрөнгө оруулалтыг ашиглалтад орсноор эхний жилд 750 тонныг, цаашлаад хүчин чадлыг үе шаттай нэмж, таван жилийн дараа жилд 2500 тонн шар нунтаг олборлох төлөвлөгөөтэй гэж.

1992 оноос хойш нөөцийг нь тогтоосон найман ордын нэг нь Зөөвч-Овоо. Нөөцийн хэмжээ нь 93 тонн, дэлхийн том ордуудын нэгд тооцогддог тус ордод Францын хөрөнгө оруулалтыг татсанаар нэг сумаар олон туулай буудах боломж гарч ирж байна.

Хамгийн чухал нь бид улстөржилгүй цэвэр бизнесийн нэг хэлээр ярьж, урьдын хэлсэн тохирсондоо байх ёстой. Том төслүүдийг эдийн засагт өгөх өгөөжийг нь мөнгөн дүнгээр тооцох аргагүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсаны дараа 2011 онд Монголын эдийн засгийн 17 хувийн өсөлт үзүүлж, мөнгө цүнхлээд Монголыг зорих хөрөнгө оруулагчдын урсгал нэмэгдсэн. Харамсалтай нь, 10 гаруйхан жилд хууль сахиулагчид хуулиа зөрчин, хууль батлагчид нь хууль зохион дээрэмдэхийг нь дээрэмдэж, хөөхийг нь хөөсөн.

Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн гэх 57 хэргийг, холбогдогчидтой нь Х.Нямбаатар зарласан.

Атал найман сар өнгөрсөн ч гадаадын хөрөнгө оруулагчийн дээрэмдсэн гэх хэргээр ганц хүн ч ял авсангүй. Монголд Францын “Орона” орж ирнэ гэдэг нь олон улсын хөрөнгө оруулалтыг дуудах сайн мессеж болж хүрнэ. Үүний эсрэг байгаа хэн боловч улсынхаа эдийн засгийн эсрэг алуурчид мөн гэсэн үг. Хувь хүн халаас хоосон ч эрх чөлөөтэй байж болно. Харин халаас хоосон улс эрх чөлөөгөө хамгаалж үлдэхэд хэцүү. Үндсэндээ казахстанчууд улсаа нэгд эрэмбэлдэг бол монголчууд адагт тавьдагт хөгжлийн ялгаа нь бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж