АНУ-ын Айова мужид 116 жилийн настай орон сууцны барилга өнгөрсөн сарын 28-ны өдөр нуржээ. Энэ барилга нурах дөхсөнийг олон хүн мэдэж байсан. Тухайлбал, хананд гажиг үүссэнийг баримтжуулсан инженер, өрлөгийн компанийн дарга, хотын байцаагч, түрээслэгчид гэх мэт. Түрээслэгчид энэ талаар гомдоллож байсан ч оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тушаал хэн ч өгөөгүй.
Барилгын гол хэсэг нурснаас болж гурван хүн нас барж, 50 орчим түрээслэгч эд хөрөнгөөрөө хохиров. "Энэ эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан" гэж нурангид дарагдсаны улмаас хөлөө тайруулсан түрээслэгч хэлжээ.
Байшингийн хана далийж, цонхны хүрээ унжиж, шал нь тэгш бус болоод багагүй хугацаа өнгөрсөн. Түрээсийн агентууд болон албаныхан асуудлыг шийдвэрлэхийн тулд арга хэмжээ авна гэсэн хэдий ч хэдэн долоо хоногийн турш юу ч хийгээгүй. Тиймээс түрээслэгч Диксон гэрээгээ цуцлах юм уу өөр орон сууцанд шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Хотын албан тушаалтнууд энэ барилгын талаар дор хаяж 2021 оноос хойш мэдэж байсан гэж үзэж байна.
"MidAmerican Energy" компани 2023 оны хоёрдугаар сард барилгын баруун хананы тоосго муудаж байгаа талаар хотын захиргаанд мэдэгдэж, ажилчид нь аюултай нөхцөл байдлыг засах хүртэл талбайгаас хол байх болно гэжээ. Удалгүй "Select Structural Engineering" компани шалгалт хийж, шаардлагатай ажлыг хийхээр болсон. Компанийн инженер Дэвид Валлиер хагарч, нурсан хэсгийг засварлах шаардлагатай ч барилга болон түүний оршин суугчдад аюул учруулахгүй гэж тодорхойлжээ. Нуралтаас дөрөв хоногийн өмнө Валлиер хэд хэдэн асуудлын талаар тайландаа дурдсан. Удалгүй унахад бэлэн болсон тоосгоны том хэсгүүд машин болон хажуугаар өнгөрч буй хүмүүсийн аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэж тэр мэдэгджээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ