Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлууд

Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлууд

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг хураангуйлан хүргэж байна. 


ХӨГЖЛИЙН БАНК ӨРӨНД ХУРААСАН 18 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ХУДАЛДАНА

Одоогоор 6.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй, 18 үл хөдлөх хөрөнгийг эхний удаад борлуулахад бэлэн болсон байна. Үүнд орон сууц, амины орон сууц, авто зогсоол, үйлчилгээний талбай багтаж буй аж. Тухайлбал, "Модун" ХХК-ийн зээлийн өр төлбөрт Ла Колина бичил хорооллын 12 орон сууц, Нүхтийн аманд байршилтай таун хаус зэргийг худалдан борлуулахаар энэ удаагийн жагсаалтад багтаажээ. Эдгээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үнэлгээг суурь болгон, борлуулахад гарч байгаа зардлыг оруулан тооцсоноор үл хөдлөх хөрөнгийн үнийг гаргасан байна. Жишээ татвал, Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаад 68.37 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 151,216,064 төгрөгөөр худалдана.

Үл хөдлөх хөрөнгийг худалдах саналыг зургадугаар сарын 15-наас идэвхжүүлнэ. Хөгжлийн банкны вэб сайт дээр санал илгээх цэс идэвхжүүлэх юм байна. Тодруулж хэлбэл, зургадугаар сарын 15-20-ний хооронд дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналыг Хөгжлийн банк иргэдээс авна. Хамгийн түрүүнд хэн үл хөдлөх хөрөнгө худалдан авах санал ирүүлнэ, түүнд борлуулах зарчим барина. Үл хөдлөх хөрөнгийг бэлэн мөнгөөр худалдана.

Цаашдаа Гантиг вилла, Шинэ яармаг зэрэг төслийн барилгуудыг ашиглалтад оруулсны дараа үргэлжлүүлэн худалдан борлуулах ажлыг хийхээ мэдэгдлээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"ШУВУУ" АЖИЛЛАГААГААР АВЧ ИРСЭН 4 ХҮНИЙ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН"

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу" ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Бид олон улсын байгууллагад Монголын авлигын төсөөллийн индексийг гаргаж байгаа ажлуудыг өдөр тутам хийж байна. Дээр нь мөнгө угаах, терроризмтай тэмцэх олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох ФАТФ-т манайх тайлангаа танилцуулж буй. Хариуцсан ажлуудыг багцлаад яамны байранд мэдээлэл өгч байя. Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, "5Ш" төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. "Шувуу" ажиллагаагаар хэрэгт шалгагдах ёстой этгээдүүдийг эх оронд нь авч ирж, гэм буруугүйн асуудлыг тогтоох зорилготой. Бид анх авлига албан тушаалын гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 92 хүнийг танилцуулж байсан. Энэ тоо 127 болж өссөн. "
"Шувуу” ажиллагааны хүрээнд интерполын улаан булант зар мэдээгээр 22, хөх булант зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжилж байна. Мөн дөрвөн хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн" гэв.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

С.ЭРДЭНЭД ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Эрдэнийг улс төрд нөлөө бүхий Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын тухай хууль зөрчиж нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс мөнгөн хөрөнгийг Капитал банкны харилцах болон хадгаламжийн дансанд байршуулах шийдвэр гаргаж, “Капитал банк” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ буюу албан тушаалын байдлаа урвуулан их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тухайн хэргийн мөрдөн байцаалтыг яллагдагч С.Эрдэнийг оргон зайлсан, улсын хил нэвтрэн гарсан гэх үндэслэлээр түдгэлзүүсэн байсныг прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээжээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧИЙН ХЭРГИЙГ БНСУ-ЫН ХУУЛИАР ШИЙДВЭРЛЭНЭ

Монголын нэр бүхий төрийн албан хаагч ажлын айлчлал хийж байх үедээ бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжигтнээр татагдсан болохыг Өмнөд Солонгосын "KBS"телевиз /2023.06.05/ мэдээлсэн. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогчийг Чэжү аралд хийсэн айлчлалынхаа үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган цагдаа нар баривчилсан.

Энэ хэргийн явцын талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүнээс тодруулахад "Хохирогчийн талтай холбогдож ажиллаж байгаа. Суугаа орны хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байна" гэсэн юм.

Монголын язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрийн хамт зочилсон албаныхныг тус арлын удирдлагууд хүндэтгэлтэй хүлээн авч уулзсан байна. Тэд үйл ажиллагаа дуусаад буудалд амрахдаа архидан согтуурч улмаар орлогч дарга орчуулагчаар ажиллаж байсан монгол эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаад байгаа аж.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

"СТАРЛИНК" КОМПАНИЙГ МОНГОЛД ОРЖ ИРЭХ НӨХЦӨЛ БОЛОЛЦООГООР ХАНГАНА

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.УЧРАЛ: 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзалт хийсэн. Энэ үеэр харилцаа холбооны салбарт ногоон технологийн чиглэлээр, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад “Старлинк” компанийг Монголд үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор  хангах боломжтой талаар ярилцсан байгаа.

"Старлинк" компани нь өнөөдөр АНУ, Англи, Франц, Герман, Шинэ Зеланд зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Азид Япон, Филиппинд үйлчилгээгээ нэвтрүүлээд өнөөгийн байдлаар 4000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн, дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгож байна.

Манайх шиг өргөн уудам газар нутагтаа улс оронд харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтцийг бий болгож, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-11 213.87.160.141

!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-11 192.82.73.196

ЗҮГЭЭР Л ҮГ ХЭЛСЭН БОЛЖ БАЙНА УУ.. ЯАСНЫГ ОЛОН НИЙТ ХАРААГҮЙ, МЭДЭЭГҮЙ ЮМ УУ

Avatar

Нэргүй 2023-06-11 202.126.90.14

ҮГ ХЭЛСЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХОРИГДСОН НЭГ Ч ИРГЭН БАЙХГҮЙ ГЭНЭЭ? ТЭГВЭЛ Ц. ХУЛАН, Д. МӨНХ-ЭРДЭНЭ, МОНГОЛХҮҮ, МӨНХБАЯР ЭНЭ ХҮМҮҮС ЯМАР УЧРААС ХОРИГДЧИХООД БАЙГАА ЮМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж