Сурагчдын амралт эхэлж, гэр бүл, найз нөхдөөрөө хүмүүс чөлөөт цагаа Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнгөрүүлэх нь ихэсчээ. Амралтын өдрүүдэд паркын ачаалал бүр ч нэмэгдэж, ICT expo 2023 үзэж сонирхох, шинэ содон тоглоом дээр тоглох, нарлах хүмүүсийн цуваа үл тасарна. Нар аагим халж, модод бүрэн ногоорч, цэцэрлэгт хүрээлэнгүүд хүмүүсээр дүүрэв. Цаг агаарын уур амьсгал, ажил, хичээлийн ачааллаас хамаарч нэг хэсэгтээ л амралт аваагүй хүмүүс зуны дулаан өдрүүдийг зугаатай өнгөрүүлж эхэлжээ. Тиймээс бид амралтын өдөр паркт юу өрнөж байгааг сурвалжиллаа.
Нийслэлчүүдийн зорьж очдог цөөхөн газруудын нэг нь Үндэсний соёл амралтын хүрээлэн. Паркт хөл хөдөлгөөн ихтэй, одонгоо зүүсэн ээжүүд хүүхдүүдээ дагуулаад тэнд тоглуулж байхтай таарлаа.
Цэцэгтэй даашинз өмссөн ихрүүд хөөцөлдөн гүйж, хосууд нуурын эрэг дээгүүр хөтлөлцөн алхана. Хүүхдээ тэвэрсэн аавууд ч аз жаргалтайгаар инээмсэглэх төрх. Үүний зэрэгцээ технологийн гайхамшгийг олон нийтэд таниулах үйл ажиллагаа, хөтөлбөр өрнөж паркын хашаан доторх хүн бүр л аз жаргал, баяр хөөртэй завгүй явна.
Хаалгаар нь оронгуут л хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрэв байдаг бол хүн бүхэн сууна даа гэж цангинатал дуулна. Хажууд технологийн гайхамшигтай танилцаж, асруудад зочлоорой гэх танилцуулга чанга яригчаар зэрэгцэнэ. Энэ долоо хоногийн амралтын өдөр парк тун ч ачаалалтай байгаа нь энэ аж.
Хичээл нь тарсан охид, хөвгүүд хамтдаа зугаалж, хөгшид нарлаж, хүүхдээ тоглуулахаар эцэг эхчүүд дугаарлаж парк өнгөрсөн сарын сүүлээс аль хэдийнэ "ачаалал"-тай ажиллах болжээ. Өнгөрсөн жилүүдэд цар тахлаас шалтгаалж парк зургаагаас дээш насны иргэдэд үйлчилж байсан бол энэ жил ямар ч хориогүйгээс хэвийн ажиллаж байна. Орох, гарах хэсэг, орчин нөхцлөө шинэчлэн сайжруулж, тоглоомууд нь ч өнгөө засчээ. Эргэдэг дельфин, саран савлуур, дээрэмчний онгоц, агаарын дугуй, алсыг харагч гээд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамт тоглох олон тоглоомууд бүгд ажиллаж байв. Мөн хүмүүсийн авхаалж самбаа сорьсон уран жолоодлого, айдас төрүүлэм аварга галзуу хулгана, давлагаат эргүүлэг, төөрдөг байшингийн үүд нээлттэй. Мөн зоо паркаар аялах боломжтой. Түүнчлэн хүүхдээ тоглуулахаас гадна зүлгэн дээр амарч, агаарлаж, гэр бүлээрээ салхилахаас гадна тайзны төлөвлөгөөт арга хэмжээнүүдийг үзэж сонирхох нээлттэй.
ААВ, ЭЭЖТЭЙГЭЭ ХӨГЖИЛДӨХ ХАМГИЙН ГОЁ
Энэ жил үндэсний соёл амралтын хүрээлэнд олон арга хэмжээ зохион байгуулах аж. Тиймээс паркт бүтээн байгуулалтуудыг тогтмол хийж, тогтмоол шинэчлэлт, нэмэлтийн ажлаа ч давхар хийж эхэлжээ. Орчин нөхцөлөө сайжруулах, тоглоомоо нэмэхээр ажиллаж байгаагаа тус хүрээлэнгийн ажилтан хэллээ. Тоглоомын үнэд өнгөрсөн жил тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон бол энэ жил ямар нэгэн нэмэгдэл байхгүй гэлээ.
Тоглоомын тасалбар ширхэгээс гадна багцаар байгаа бөгөөд багцын үнийн хувьд 4-10 тоглоом тогловол 15-30 мянган төгрөгийн үнэтэй байна.
Хүүхдүүд аав, ээжтэйгээ гэр бүлээрээ хөгжилдөх ганц газар нь парк учир зорьж ирэх тухайгаа хэлж байлаа. Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, гэр бүлээрээ дурсамж дүүрэн байх газруудад сурталчилгаа шаардлагагүй болохыг паркаас харж болно. Өнгөрсөн хоёр жилийн турш унтаа, хорионд байсан нийслэлийн иргэдийн уйтгартай амьдрал дулааны улирал эхэлснээр мартагдаж буй нь энэ. Хүний хөл ихтэй, ханиад томуугийн халдвар тархах эрсдэл өндөр ч хүмүүс үүнийг үл анзааран эрүүл цэвэр орчинд өдрийг өнгөрүүлэхийг чухалчилж байна.
ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ, ХӨГЖӨӨНТ ТОГЛООМТОЙ АМРАЛТЫН ӨДРҮҮД
Паркийн үйлчлүүлэгчдийн дийлэнх нь бага насныхан. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид. Хүүхдүүдээс паркт ямар үед ирдэг вэ, хэнтэй ирэх нь илүү дурсамжтай санагддаг болохыг асуухад сурагчид аав ээжтэйгээ, эсвэл ангиараа ирэх гоё гэв. Учир нь, олуулаа байх тусам илүү хөгжилтэй, мартагдахгүй дурсамжтай үлддэг байна. Харин эцэг, эхчүүд “Хүүхдийнхээ төрсөн өдрөөр, эсвэл амралтын өдрөөр зорьж ирдэг. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангуй тав тухтай болсон байна.
Гэхдээ тоглоомоо шинэчилж, өргөтгөх хэрэгтэй. Хэрэв сонголттой олон тоглоомтой болж, дэлхийн жишигт хүрвэл жуулчдыг ч татах боломжтой” гэсэн юм.
Ямартай ч хүүхдийн парк энэ жил хүний хөл ихтэй байх нь. Харин үзэмж, тохижилтоо сайжруулж чадвал дотоодын гэлтгүй гадаадын иргэдийн заавал орох газар болох нь лавтай. Ямартай ч энэ долоо хоногийн амралтын өдөр паркт хөнгөлөлт урамшуулалт их байгаагаас гадна хөгжөөнт тоглоомууд ч ачаалал ихтэй ажиллаж байгааг онцолж байна.
Холбоотой мэдээ