Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн иргэдийг залхаан цээрлүүлэх замаар цагдан хорьж, удаа дараагийн мэдүүлэг авах зэрэг арга хэмжээг хуулийн байгууллага авдаг талаар зарим хүн хэлдэг. Энэ нөхцөл байдал нь хүний эрхийн зөрчил бөгөөд үнэн эсэхийг зохих шатны байгууллагууд шалгадаг байна. Тодруулбал, Хүний эрхийн үндэсний комиссоос энэ асуудалтай холбоотойгоор хяналт, шалгалт хийхэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал, цуглаан зохион байгуулсан болон хүний эрх, нийтийн эрх ашгийг хамгаалсан үйлдлийнхээ төлөө цагдан хоригдсон хоригдогч байхгүй болохыг мэдээллээ.
Комиссын гишүүн Б.Энхболдын баталсан 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 81 дугаартай удирдамжийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг хариуцсан албан хаагч нар ШШГЕГ-ын харьяа 15 аймгийн Цагдан хорих байрны үйл ажиллагаанд энэ долоо хоногт хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх, хүний эрхийг хамгаалах, нийтийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулж байгаад эрүүгийн хэрэгт холбогдон цагдан хоригдсон баривчлагдсан, ял шийтгэгдсэн хүмүүс байгаа эсэх, хоригдогчийн хууль зүйн туслалцаа авах эрх, түр болон удаан хугацааны уулзалт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх, хоолны хүнсний орц норм, илчлэг, хоригдогчдоос ангийн удирдлага, бусад эрх бүхий байгууллагад хандан гаргасан өргөдөл, гомдол, саналын бүртгэл, түүний шийдвэрлэлтийн байдалтай танилцаж ажиллажээ.
Мөн 64 хоригдогчтой ганцаарчлан ярилцлага хийж, санал хүсэлтийг хүлээн авч хянаж байгаа аж.
Хяналт шалгалтад хамрагдсан Цагдан хорих байранд 2023 оны зургадугаар сарын 08-ны байдлаар 264 хүн хоригдож байгаагаас 242 буюу 91.6 хувь нь эрэгтэй, 13 буюу 4.9 хувь эмэгтэй, 9 буюу 3.4 хувь нь хүүхэд байна. Хоригдогчдын холбогдсон хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна. Харин үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх, хүний эрхийг хамгаалах, нийтийн ашгийг хамгаалсныхаа төлөө хэрэгт холбогдсон, эрх чөлөөгөө хязгаарлуулж цагдан хоригдсон хоригдогч байхгүй байна.
Холбоотой мэдээ