Эцэг, эхийнх нь орлого өндөр шалтгаанаар ялгаварлагдсан хүүхдүүдэд ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн хүүхдийн 100 мянган төгрөгийг нь олгохоор болж, УИХ 2023 оны төсөвт тодотгол хийж буй ч уг мөнгийг авахад чирэгдэл учирч мэдэхээр байна.
Учир нь, эцэг, эхчүүдээс нэг нь заавал хүсэлт гаргах ёстой. Гэтэл хүсэлтийг нь хүлээн авах E-mongolia нь ачаалал даахгүй байж мэдэх тул төсвийг тодотгосны дараа Засгийн газраас журам гаргаснаар хүсэлтийг хэрхэн яаж авах вэ гэдэг нь илүү тодорхой болох аж.
Уг нь нийт хүүхдийн есхөн хувь 100 мянган төгрөг авах боломжгүйгээр хасагдсан гэж үзвэл E-mongolia-гаар дамжуулж, хүсэлт хүлээн авахад ачаалал даахгүйн зовлон гарах нь бага.
Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэдээгээр улсын хэмжээнд 1 сая 139 мянган хүүхэд бий. Тэдний есөн хувь гэдэг 100 гаруйхан мянган хүүхдэд мөнгийг нь олгоно гэсэн үг. Гэтэл хэдэн зуун төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломж бүрдүүлсэн гэдэг E-mongolia нь 100 мянган хүний хүсэлт хүлээн авах чадалгүй байна гэхээр өрөвдмөөр шүү. Учир нь, тэдгээр 100 мянга гаруй иргэн нэг өдөр, нэг цагт E-mongolia руу хандахгүй. Хандлаа гэхэд энэ зэргийн ачааллыг даах хэмжээний платформыг өдийг хүртэл хөгжүүлчихэж чадаагүй байгаа улс “Цахим үндэстэн” болтол ч өдий биздээ, хөөрхий. Одоо бол бардам ам шалдан гуя л сууцгааж байна.
Уг нь Цахим хөгжил харилцаа холбооны яамыг шинээр байгуулж, агентлагийн төвшинд ажиллаж байсан статусыг өргөжүүлсний цаад зорилго нь иргэдийнхээ төрөөс авах үйлчилгээг хөнгөвчлөх. Харамсалтай нь, тус яам байгуулагдаад хоёр жил болоход байж буй царайг нь хараарай. Хүүхдийнхээ мөнгийг авах хүсэлтийг эцэг, эхчүүдээс хүлээн авах хүчин чадалтай систем өнөөдрийг хүртэл нэвтрээгүй байна шүү дээ. Сайд нь болохоор том, том яриад л байдаг. Уг нь бүхэл бүтэн яам ажиллаад хоёр жил болсон нөхцөлд иргэд ямар ч үйлчилгээг E-mongolia-гаар дамжуулан авъя гэхэд систем унах зэрэг асуудал гарах ёсгүй. Гэвч хөгжүүлэлт хийдэггүй юу, хийгээд ч нэмэргүй байгаа юм уу бүү мэд.
Хонх нь дуугарахаар дамар нь таг, дамар нь дуугарахаар хонх нь таг гэдэг шиг хэл ам таталж, таталж бүх хүүхэддээ 100 мянган төгрөгийг олгох болтол хүсэлт хүлээн авах төрийн үйлчилгээ нь “гацахаар” байгаа.
Одоо болио, улс үндэстнүүд сансрыг эзэмшихээр довтолгож байхад Монгол Улсын төрийн цахим үйлчилгээ нь ачаалал даадаггүй.
Ер нь тэгээд Монгол Улс жижиг үндэстэн шүү дээ. Ердөө 3.4 саяуулахнаа. Хүн амынхаа бүртгэл, тооцоо нь цаасаар ч, цахимаар ч тодорхой жин тан хийж баймаар юм. Хүсэлт гаргалаа шууд л үйлчилгээ авдаг байхаар зохицуулахад юу нь болдоггүй юм бэ. Ер нь тэгээд хэн, хэний хүүхэд 100 мянган төгрөгөөс хасагдсан бэ гэдэг бүртгэлгүй сууж байна гэдэг төр ухаалаг болтол өдий л гэсэн үг.
Цаашдаа энэ мэтчлэн хүнд суртал учирсаар байвал цахим үйлчилгээнээс иргэд залхана.
Засгийн газраас хүүхдийн мөнгийг хүсэлт олгосон хүүхэд бүрт олгох, зургадугаар сарын хугацааны мөнгийг нөхөхөд 167 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн юм.
2022 оны намар хүүхэд бүрт мөнгө олгох санхүүгийн боломж алга гэж үзэн, орлогоос нь хамааруулж олгох шийдвэр гарган, 2023 оны төсвийн хуулийг батлуулсан. Харин энэ удаад дээрх алдаагаа засах болж буй нь энэ оны хагас жилд төсвийн орлого 1.1 их наяд төгрөгөөр давж биелэсэнтэй хобоотой хэмээн тайлбарлаж байгаа.
Гэхдээ олон нийтийн хувьд хүүхдүүдээ орлогоор нь ялгаварлалгүйгээр эрх тэгш 100 мянган төгрөгийг олгоод явах нь зүйтэй гэдэг байр суурь баримталж буй. Цаашдаа аль ч Засгийн газар дээрх алдааг л давтмааргүй байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ