Замын-Үүдийн гаалийн газар хүнд суртал чирэгдэл хүлээгдэл ихтэй гэдгээрээ зартай. Сүүлийн долоо хоног гаалийнхны үйл ажиллагаа иргэдийг асар ихээр бухимдуулж байгаа гэнэ. Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүний дийлэнх хувь нь Замын-Үүдийн гаалиар нэвтэрдэг. Гэтэл гаалиар нэвтрэх ачаа барааны бүрдүүлэлтийн дамжлага нь улам сунжирч, ганзагын наймаа эрхлэгчид болон бизнес эрхлэгчдийн хамаг хараалыг нь барж байна. Тус гаалиар бараа материал татах бүрдүүлэлт хийхэд өмнө нь 30 минутаас 3 цагийн хугацаа зарцуулдаг байсан бол цахим бүрдүүлэлт гэх системийг ашиглаж эхэлсэнээс хойш ачаа бараагаа авах гэсэн иргэд 3-7 хоногийг Замын-Үүдэд өнгөрүүлдэг болжээ.
Ингэж очер дараалал, хүндрэл үүсч буй шалтгаан нь Замын-Үүдийн гааль дээр хийдэг байсан бичиг баримтын бүрдүүлэлтийг Улаанбаатар хотын гаалийн газар бүртгүүлдэг болсонтой холбоотойг иргэд хэлж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар баахан сүржин нэртэй уриа лоозон дэвшүүлсний нэг нь боомтын сэргэлт. Харамсалтай нь Замын-Үүдийн боомтын үйл ажиллагаа сэргэх бус нэгмөсөн дампуурлаа. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл ковидын үед үүссэн шиг очер дараалал Замын-Үүдэд үүсч, арай гэж буусан ачаа барааны үнийн хөөрөгдөл дахин хөөсрөх хэмжээний ноцтой байдал үүслээ.
Замын-Үүдийн гаалийнхан, бүрдүүлэлтийн шинэ систем нэвтэрч байгаа нь чирэгдэл хүлээгдлийг багасгах ажлын эхлэл гэж тайлбарлаж байгаа ч энэ нь гал дээр тос нэмсэн үйлдэл болж иргэдийн бухимдлыг үүсгэж байна. Гаалийн цахим бүрдүүлэлтээс үүдэж Замын-Үүдийн төвийн зочид буудлууд дүүрч, хил гаалиар нааш цааш гарах гэсэн иргэд картын барааны бараан үе шиг “алалцаж” байна. Замын-Үүдийн гаальд үүссэн чирэгдэл, хүлээгдлийг хэсэг бүлэг этгээдүүд үүсгээд байна уу эсвэл гаалийнханы урагшгүй, арчаагүй байдлаас үүссэн үү гэдгийг дээд шатны байгууллагууд анхааралдаа авах цаг нь дахин иржээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Замын-Үүдийн гаальд ноёрхсон мафийг дарж, дархан цолоо мандуулсанаа зарлаж хэсэг өвчигнөсөн. Гэвч Замын-Үүдийг зайдагнасан гаалийн мафи нь Засгийн газрын цахим бодлогоор дахин амилж байх шиг байна.
Холбоотой мэдээ