Байр суурь: Салбар бүрд магадлан итгэмжлэлийн чанар чухал

Хуучирсан мэдээ: 2023.06.09-нд нийтлэгдсэн

Байр суурь: Салбар бүрд магадлан итгэмжлэлийн чанар чухал

Байр суурь: Салбар бүрд магадлан итгэмжлэлийн чанар чухал

Дэлхийн магадлан итгэмжлэлийн өдөр өнөөдөр /2023.06.09/ тохиож байна. 2008 оноос дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн энэ өдрийг 2023 онд "Дэлхийн худалдааны ирээдүй, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд магадлан итгэмжлэлийн үзүүлэх үр нөлөө" сэдвийн дор тэмдэглэж байгаа юм. Энэхүү өдрийн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа магадлан итгэмжлэлийн байгууллагууд олон нийтэд ойлголт мэдээллийг өгөх, ач холбогдлыг нь таниулах зорилгоор туршлага солилцох уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Тус уулзалтад оролцогчдоос магадлан итгэмжлэлийн ач холбогдол болоод аль салбарт, ямар төрлийн асуудал байгаагаас магадлан итгэмжлэл хангалттай бус байгааг тодрууллаа.

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛТ ДУТАГДАЖ БАЙНА

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирал доктор Ж.АРИУНБОЛД:

-Өнөөдөр магадлан итгэмжлэхтэй холбоотой дөрвөн байгууллага магадлан итгэмжлэлийн ач холбогдлын талаар хэлэлцүүлж байна. Үүний үндсэн философи нь юу вэ? гэхээр иргэдэд чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ олгох, хүргэх зорилготой. Эрүүл мэнд, боловсрол, спорт зэрэг салбарын төлөөлөл санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлснээр аль аль салбарын систем, суурь тогтолцоонд чанартай үйлчилгээ үзүүлэхэд юу нөлөөлж байгааг тогтоож чадна. Ингэснээр монгол хүн чанартай үйлчилгээг эх орондоо авч дэлхийн хэмжээнд хүрэхүйц дундаж наслалттай, боловсролтой, эрүүл иргэн байх боломжтой.

Монгол Улсад боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний салбарт магадлан итгэмжлэл үүсээд 25 жил болж байна.

Энэ хугацаанд бид нэлээдгүй олон ажлыг хийсэн. Гэхдээ цаашид хийх шаардлагатай их зүйл байгаа. Бид өнөөдөр зөвхөн өөрсдийн нөөц боломж, потинциалд тулгуурлан магадлан итгэмжлэлийг хийж байна. Цаашид олон улстай хамтарч ажиллаж, магадлан итгэмжлэлийн салбарыг өргөтгөж чадвал олон олон давуу тал үүснэ.

Мэдээж засч сайжруулах хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, хууль эрх зүйн орчин.

Дүрэм, журам, хуулийн зохицуулалтыг сайжруулж, ажлын уялдаа холбоог тодорхой зааглах хэрэгцээ шаардлага. Одоо жишээ нь Боловсролын багц хууль УИХ-ын чуулганаар орох гэж байна. Энэ багц хуулиар яг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх заалтуудыг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тусгачихсан явж байна. Гэх мэтчилэн салбар, салбарын төлөөлөл асуудал, гаргалгаа, шийдлийг хэлэлцсэнээр зохих түвшний хэмжээнд өөрчлөлт, шинэчлэлтийг хийх боломж бүрдэнэ.

2000-ААД ОНЫ ҮЕД ШИНЖЭЭЧИД БОЛООД ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГИЙН ХУВЬД ОЙЛГОМЖГҮЙ ЗҮЙЛ ОЛОН БАЙСАН

ИНЕГ-ын оношилгоо, хэмжилзүйн лабораторийн ахлах инженер Ж.САЙНБАЯР:

-Манайх Иргэний нисэхийн ерөнхий газрын оношилгоо, хэмжилзүйн лаборатори. 1999 онд байгуулагдаж, 2000 оноос хойш магадлан итгэмжлэгдэж, одоогоор нийт долоон удаа магдлан итгэмжлэгдсэн. Иргэний нисэхийн хэмжээнд нислэгийн аюулгүй байдлын хангах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Хэмжилт, шалгалт, тохируулгыг хийж гүйцэтгэдэг лаборатори байгаа.

Магадлан итгэмжлэл гэдэг бол тухайн байгууллага хэмжилт, шалгалт бүхий сорилын үйл ажиллагааг хийх чадамжтай эсэх болон чанарын удирдлагын тогтолцоо болон хэрэгжүүлж байгаа хүмүүсийн чадавх, хэрэглэж байгаа хүмүүсийн арга аргачлал, тоног төхөөрөмж, орчин гэх мэтчилэн бүх л үйл ажиллагааг баталгаажуулж өгдөг өндөр ач холбогдолтой.

Лабораторийн хувьд өдөр тутамд хийх шаардлагатай хэмжилт, сорилт, шинжилгээ, агаарын хүлгийн тос, шингэн гээд жил ирэх бүрд нэмэгдэж байгаа хэрэглэгдэхүүн дээр хийгддэг байгаа. Мэдээж техникийн шинэчлэлт явагдаж байгаа учраас хэрэглэгдэхүүн ч хувьсан өөрчлөгдөж, тоо ширхэг, төрлийн хувьд нэмэгдэж байгаа. Энэ хөгжилтэй хөл нийлүүлсэн стандарт, хөгжил үйл ажиллагаанд байх шаардлага үүснэ. Тиймээс жил бүр чанарын шаардлага, стандарт гэдэг зүйлийг хангаж ажиллах хэрэгцээ үүсдэг. Үүнийг л магадлан итгэмжлэлээр баталгаажуулдаг.

Нэг үеэ бодвол одоо магадлан итгэмжлэлийн шинжээчид харьцангуй болон эрх зүйн баримт бичгүүд сайжирсан гэж харж байна. 2000-аад оны үед шинжээчид болоод эрх зүйн баримт бичгийн хувьд ойлгомжгүй зүйлүүд олон байсан.

Харин сүүлийн үед гадаад, дотоодын төлөөлөл шинжээчүүд томилогдож, стандарт шаардлага, эрх зүйн хувьд ойлгомжтой болж байна. Гэхдээ л дутагдалтай зүйлсүүд баримт бичгээс эхлээд гарч ирдэг. Үүнийг л шийдвэрлээсэй гэсэн хүсэлтээ өнөөдрийн хурлаар илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж