Нэг хэсэг нь цалин, тэтгэврээ нэмүүлэхийг шаардаж, нөгөө хэсэг нь цалин, тэтгэвэр нэмэх төр засгийн бодлогыг шүүмжилж байна. Мэдээж, хэн хэнийх нь зөв.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сараар биш өдрөөр өсч, нэг килограмм үхрийн махыг иргэд “Хүчит шонхор” зах дээрээс 25 мянган төгрөгөөр авч идэж байна. Энэ нь хөдөлмөрийн хөлсний таван хувьтай тэнцэх мөнгө. Тэгвэл гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оноос 50-100 дахин нэмэгдсэн. Зайлшгүй шаардлагатай эмийн 94 хувийнх нь үнэ 50-80 хувиар өссөн гэхчилэн цалин цаас болжээ.
Сарын цалин тэтгэврээ урдаа барих уу, ардаа барих уу, эмээ авах уу, махаа авах уу гэж суугаа ахмад настан, тэтгэмжийнхэн Засгийн газрын шийдвэрт гомдохгүй нь лав.
Нөгөө талдаа Сангийн сайд нэг гараараа мөнгө, нөгөө гараараа инфляци тарааж байна гэх шүүмжлэл үнэний ортой. Монголд цалин, тэтгэврийн сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өсгөдөг амь бөхтэй бичигдээгүй хууль үйлчилсээр ирсэн. Нэг ёсондоо улсын төсвөөсөө хувь, хувьсгалгүй тэжээгдэж амьдардгийн гаж илрэл.
Засгийн газраас өргөн барьсан, УИХ дээр ид хэлэлцэгдэж, эдийн засагт эерэг, сөрөг хүлээлт үүсгэсэн тодотголоор төсөв нийтдээ 1.8 их наяд төгрөгөөр тэлэхээр байна. Өөрөөр хэлбэл,
- 996 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд
- 396 тэрбум төгрөгийг тэтгэвэр нэмэхэд
- 167 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоход болон өнгөрсөн хугацаанд олгоогүй мөнгийг нөхөж олгоход
- 187 тэрбумыг нийслэлийн автозамуудыг холбоход
- 89 тэрбумыг зорилтот халамж нэмэхэд зарцуулах аж.
Хятад улсын “тэг ковид” бодлого тус улсаас экспортын 90 хувь, импортын 80 хувийн хамааралтай Монголын эдийн засагт хүнд цохилт болсон юм. Экспорт нь Баяннуурын даргын үзэгний үзүүрэс, импорт нь Эрээний түшмэдийн үзэмжээс хамаарах болсон Монголыг ямартай ч Хятад цэрэн танкаар эзлэхгүй болохыг цар тахал бидэнд бодитоор нь ойлгуулсан. Аливаа муу зүйл ч сайн талтай гэж энэ.
Бүтэн гурван жил хилийн хориг тавьсан Хятад улс 2023 оны нэгдүгээр сард тэг ковид бодлогоо дуусгаж буйгаа зарласнаар Монголын экспортын гарц сайжирсан. Гэхдээ Орос-Украины дайны хямралын сөрөг нөлөөлөл Монголд одоо мэдрэгдэж байна. Гэсэн хэдий ч тоон үзүүлэлтүүдээс харахад эдийн засагт үүр тэмдэгэрч эхэлсэн нь сайны дохио юм.
Жишээ нь, манай эдийн засаг 2020 онд -4.6 хувиар агшсан бол 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Хагас жилийн байдлаар төсвийн орлого 1.1 их наяд төгрөгөөр давжээ.
Экспорт, импортын гарц сайжирсан нь эдийн засагт эерэгээр нөлөөлсөн нь гарцаагүй. Нөгөө талдаа далд эргэлдэж байсан авлига, хулгайн мөнгө ил болсноор эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх болсон байна.
Ирэх сонгуулийн компанит ажлаа эрх баригч нам эхлүүлсэн мэдээж. Гэхдээ тэтгэврийн нэмэгдэлд зарцуулах 396 тэрбум, тэтгэмж, халамжийн нэмэгдэлд өгөх 89 тэрбумыг албан тушаалтнуудын төрийн өмч, төсвийн хөрөнгө болгоноос хэдэн зуун саяас хэдэн арван их наядаар нь тоносонтой харьцуулах юм бол “чихрийн мөнгө” төдий.
Хөгжлийн банкны зээлийн баримтыг ил тод болгоогүй байсан бол 1.6 их наяд төгрөг “нохойн” замаар орох байсан нь ойлгомжтой. Тэгвэл алдагдсан нүүрсний хохирлын хэмжээ гэхэд 40 их наяд. Төрийн нэг даргын гэрт 10 тэрбум төгрөг сул хэвтдэг гэвэл түүнээс том даргын гэрт хэд байгааг хэлэхэд хэцүү.
Энэ мэт эрх мэдэлтнүүдийн экспорт, импортын дундаас зувчуулдаг, хулгайлдаг байсан хөрөнгө мөнгийг эдийн засагт эргэлдүүлж иргэдийнхээ цалин тэтгэврийг нэмж, ажил орлогыг нь дэмжихэд асуудалгүй. Цалин, тэтгэвэр нэмсэн мөнгө гадагшаа гараад оффшорт “нуугдчихгүй”. Гадаадын аль нэг улсад барилга, байшин болоод угаадчихгүй. Эргээд эдийн засагтаа эргэлдэнэ. Жижиг, дунд үйлдвэрүүдийн ашиг орлого ч дагаад өснө. Тэгж ярих юм бол тэтгэвэр, тэтгэмж нэмээгүй өнгөрсөн жилүүдэд тэгээд яагаад юмны үнэ тэнгэрт хадсан юм бэ.
Б.БАТ
Холбоотой мэдээ