Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Стэнфордын Их сургуулийн Фриймэн Споглигийн олон улс судлалын хүрээлэнгийн зочин багш Ц.Элбэгдорж зургадугаар сарын 8-нд "Дэлхий ба Монгол сорилт, боломж" уулзалт, лекцийг зохион байгуулсан. Уг лекцийн онцлох таван сэдвийг тоймлон хүргэж байна. Харин бүрэн эхээр нь доорх линкээс үзнэ үү.
- Онцлог Монгол Улс
Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр нэг километр квадратад дөрвөн хүн ногддог, улс, иргэн нь ардчилсан, эрх чөлөөтэй онцлог Монгол Улсад ямар боломж байгааг тэрбээр лекцийн эхэнд онцлов. Тэр дундаа Монгол Улс, монгол хүний стратегийн үнэ цэнийг нэмэх, монгол хүн монгол хүндээ хайртай байх агуулгыг тэргүүнд тавихыг чухалчилсан юм.
- Орос, Хятадын голд буй цор ганц “ардчилал”
Түүний хувьд лекцээс хэдхэн хоногийн өмнө Өмнөд Солонгос улсаас монголдоо иржээ. Тус улсад байх үеэрээ Ц.Элбэгдорж Солонгосын ерөнхийлөгч болоод гадаад харилцааны сайд, хууль зүйн сайд нартаа уулзаж, монголчуудыг визгүй болгох хүсэлтээ илэрхийлсэн байна. Ингэхдээ үндсэн гурван аргументийг дэвшүүлсэн аж. Тухайлбал,
- Нэгдүгээрт, бид хөх толботой төрдөг нэг үндэстэн
- Хоёрдугаарт, бид Их Монгол Улсын үед нэг гүрэн явсан
- Гуравдугаарт, Хятад, Оросын голд буй цор ганц ардчилал бол Монгол Улс гэжээ.
Хэдийгээр хоёр орны иргэд харилцан визгүй зорчих нь олон давуу талтай ч үүнийг үгүйсгэж байгаа хүн ч цөөнгүй бий. Тиймээс тэрбээр, ардчилсан улс орны үнэт зүйл бол хүн бөгөөд Монголын эдийн засагт Өмнөд Солонгосын хөдөлмөрийн зах зээл өндөр хувь нэмэртэй. Визгүй боллоо гээд 3,4 сая хүн бүгд тус улсыг зорино гэж байхгүй. Харин ч тухайн орноос Монголд ирэх мөнгөний урсгал нэмэгдэж, тэр хэрээр улсын эдийн засагт эерэг нөлөө бий болохыг хэлэв.
- Дэлхийн хөгжил Монголын сорилт, боломж
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд дижитал шилжилт цаг, минуттай уралдан хувьссаар байна. Монгол Улс ч энэ хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, хиймэл оюун ухааны харилцаагаар төр болоод бусад үйлчилгээний ажил, үүргийг зохицуулах, хуваарилах боломжтой. Харамсалтай нь бид энэ чиглэлээс хол хоцорч яваа. Тиймээс төрийн үйл хэргийг шат бүрийд дарамтгүй, иргэнд хүрсэн байлгахын тулд хүнээс хамаарах үйлдлийг аль болох багасгах нь чухал.
Иргэн зах, томоохон худалдааны төв орохдоо ч аль нэг лангуу, хэсгээс нь төрийн үйлчилгээг авах боломжтой л байх ёстой.
Тэр хэмжээнд хүрэхийн тулд дижитал шилжилтийг төдий чинээнд хөгжүүлэх, дэмжих шаардлагатай. Түүнд хүрэх үйл ажиллагааны хувьд Монголд сорилтууд тулгарч байгаа гэв.
- Иргэний улс төрийн эрх ба улс төрийн нам
Иргэдийн хууль, шийдвэрийн төсөл санаачлах, хэлэлцүүлэх эрхийг нээж баталгаажуулах. Ингэснээр УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч иргэдээсээ дэмжлэг авах боломжтой. Мөн улс төрийн намын шинэ хууль. Улс төрийн намыг шинээр бүртгүүлэх тохиолдолд заавал Дээд шүүх биш Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо нийтлэг дүрэм, журмыг баталж, бүртгэж, хэрэгжүүлэх. Ингэснээр шилэн дижитал байх боломж бүрдэнэ.
- Гэрийн даалгавраа хийчхээд бусдаас гуй
Тэрбээр, лекцийн үеэр анхаарал татахуйц олон зүйлсийг ярьснаас улс төртэй холбоотой хэд хэдэн сэдвийг онцолсон. Авлигын индексээр байр ухрах, төрийн үйлчилгээний салбарт ажиллагсдын тоо нь 18 жилийн дотор 160 мянгаар нэмэгдсэн зэрэг олон улсад Монголыг үнэлэх үнэлэмжийг улам бууруулж байгааг илтгэж байгаа. Тиймээс төрийн өндөр дээд хэмжээний айлчлалаар бусад орноос тусламж гуйх гэж байгаа бол олон улсын байгууллагуудаас өгч байгаа гэрийн даалгаврыг биелүүлэх хэрэгтэйг зөвлөсөн. Адаглаад л төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, авлигыг бууруулсан цагтаа бусад улс орноос тусламж гуйх нь зүйтэй гэсэн юм.
Эцэст нь бидний амьдралын зорилго бол эх орноо эрх чөлөөтэй болгох, иргэдээ эрх чөлөөтэй байлгахад оршино. Ус тос нь ялгараад ирэхийн цагт хийрхэл зогсч үнэн тодорно гэдгийг онцоллоо.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ