Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар АНУ-ын ноёрхлыг сааруулахын тулд удаан хугацаанд хамтран ажиллаж буй тууштай холбоотон гэж харуулахыг хичээдэг. Гэвч Путин хүнд өвчтэй учир төрийн эргэлт гарч магадгүй гэх цуурхал дэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Хятадын дарга Ши Жиньпин хязгааргүй нөхөрлөлдөө итгэлгүй болсон бололтой. Нэгэн шинжээчийн үзэж буйгаар Ши Жиньпин Оросын ерөнхийлөгчийг залгамжлах магадлалтай хүмүүстэй илүү ойр дотно харилцаа тогтоохыг эрмэлзэж буй ажээ.
Ши Жиньпин Оросын ерөнхий сайд Михайл Мишустинтэй илүү ойр дотно харилцаатай байгаа гэж Атлантын зөвлөлийн эдийн засагч, ахлах судлаач Андерс Аслунд хэлэв. Ши Жиньпин дөрөвдүгээр сард Москвад айлчлах үеэрээ Михайл Мишустинтэй ганцаарчилсан уулзалт хийсэн аж. Дараа нь тавдугаар сард Хятадын ерөнхий сайд Ли Цян Мишустиныг Хятадад урьсан. Ингэхдээ Хятад, Оросын айлчлалын ердийн хязгаараас давж, Мишустиныг Ардын их хурлын танхимд хүлээн авч уулзжээ.
"Яагаад Путиныг биш Мишустиныг урьсан юм бэ? Оросын удирдагчийн сэтгэлд нийцээгүй л байлтай" гэж Андерс Аслунд хэлжээ. Мишустин үүний дараа Оросын Аюулгүйн зөвлөлийн дараагийн хуралдаанд оролцоогүй аж. Энэ нь Путины дургүйцлийн нотолгоо гэж үзэж байна.
Гэхдээ Путиныг залгамжлах магадлалтай хүмүүсийн нэрс дунд Михайл Мишустин гэж бараг сонсогдож байгаагүй. Татварын ажилтан байсан тэрбээр Украины дайнд ямар ч үүрэг оролцоогүй нэгэн юм. Мөн дайны талаар огт ярьдаггүй.
Орос, Хятадын улс төрийн ертөнц маш хаалттай байдаг. Тиймээс шинжээчид удирдагчдынх нь сэтгэлгээг уншихын тулд хүйтэн дайны үед бий болсон "Кремлинологи" гэх шинжлэх ухааныг ашигласаар байна. Тухайлбал, Путин өнгөрсөн жил дээд албан тушаалтнуудтай уулзахдаа асар том ширээ ашигласанаас улбаатайгаар Путины талаар олон ч таамаг дэвшүүлсэн байдаг. Путины эрүүл мэндийн талаарх цуу яриа, Украин дахь бүтэлгүйтэл зэргийг харгалзан АНУ, Хятад зэрэг томоохон гүрэн Оросын ирээдүйг янз бүрээр төсөөлж, дотоод улс төр, гадаадад үзүүлэх нөлөөг нь дэнсэлсээр байгаа гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ