"Вагнер" бүлгийнхэн орос цэргүүдийг байнга барьцаалж, тамлан зовоодог гэж тэдэнд барьцаалагдсан гэх Оросын армийн дэд хурандаа хэлэв. Оросын 72 дугаар мото буудлагын бригадын командлагч асан Роман Винивитин энэ долоо хоногийн эхээр Вагнерынханд байцаагдсан тухайгаа цахим сүлжээнд ярьжээ.
Тэрбээр Евгений Пригожинд хандан "Евгений Викторович, та Оросын Зэвсэгт хүчнийг илт гутааж байна" гэжээ.
Мөн "Хөлсний бүлэглэлийнхэн энгийн армитай дайтаж байна. Гэтэл аль аль тал нь украинчуудтай л тулалдах зорилготой байсан. Бидний хоорондын хурцадмал байдал Бахмут руу шилжсэн өдрөөс л эхэлсэн. Тэд устгана, ална гэж байнга заналхийлсээр биднийг мөргөлдөөнд өдөөн турхирсан. Цэргүүдийг хулгайлж, дараа нь эрүүдэн шүүсэн тохиолдол ч бий. Жишээлбэл, нэг цэргийг хүйтэн хонгилд байлгаж, нүд рүү нь хүчил, химийн бодис цацсан. Мөн дээрээс нь бензин асгаж, галдан шатаахыг завдсан. Нэг цэрэг зодуулсныхаа дараа суллагдсан ч амиа хорлосон. Байлдагчдыг хулгайлаад тэднийг сумаар солихыг завдсан тохиолдол ч гарч байсан. Мөн барьцаалагдсан цэргүүдийг өөрсөнтэйгөө гэрээ байгуулахыг албадаж, Бахмутын хамгаалалтыг сулруулсан. Байлдааны офицерын хувьд би үүнийг тэвчихгүй.
Намайг тэд хонгилд байлгаж, зодсон. Шөнө унтуулахгүй, гурван ч удаа хонгилоос чирч гаргаж буудахыг завдсан. Намайг эрүүдэн шүүж, хүчирхийлснийг нотлох бичлэг байгаа. Евгений Пригожин фронтод эрчүүдийн зодооноор улс төрийн шоу хийсэн. Тиймээс би нөхцөл байдлыг хэрхэн харж байгаагаа хэлэх бүрэн эрхтэй" гэлээ.
Гэвч Евгений Пригожин түүний мэдэгдлийг үгүйсгээд, зөвхөн мөрдөн байцаалтын журмаар саатуулсан гэжээ.
Эх сурвалж: DAILY BEAST
Холбоотой мэдээ