Яруу найрагч, зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Тамгагүй төр" жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавихдаа найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Уг жүжгийг ирэх арваннэгдүгээр сард "Монгол хаан" нэртэйгээр Английн театрын төв "West End"-д тоглох хувилбараар нь Улсын драмын эрдмийн театр тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 11-ний өдрүүдэд дахин тоглож буй. Жүжгийн дууг Өвөр Монголын алдарт дуучин С.Тэнгэр дуулжээ.
"Тамгагүй төр" жүжгийг 2022 онд УДЭТ-ын тайзнаа 117 удаа тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тухайн үед нийт 40 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолж байсан бөгөөд энэ хугацаанд 4.2 тэрбум төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан гэх мэдээлэл ч цацагдсан.
Энэхүү жүжгийг 2023 онд тохиох Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо толилуулах юм. “Херо энтертайнмент” нь Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ, жүжигчин, продюсер А.Баярцэцэг, Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа нарын үүсгэн байгуулсан “Мактуб” продакшн, Британийн “Wild Yak” продакшнтай хамтран уран бүтээлийн төлөвлөгөө, маркетингийн стратегийг боловсруулахаар ажиллаж байна гэдгийг уран бүтээлчид онцолж байлаа.
Холбоотой мэдээ