Украины арми удаан хүлээсэн сөрөг довтолгоогоо эхлүүлсэн гэж фронтын шугамаас нэрээ нууцалсан ахлах албан тушаалын эх сурвалж мэдэгджээ. Дайралт зүүн өмнөд фронтод төвлөрч байна. Гэхдээ Украины засгийн газар сөрөг довтолгоо эхэлснийг олон нийтэд зарлахгүй гэж тууштай мэдэгдсээр ирсэн.
Оросын албаныхан болон цэргийн блоггеруудын мэдэгдсэнээр, түгшүүрийн дохио олон хоногийн турш дуугарсаар Пүрэв гаригт Запорожьед халдлага гэнэт эрчимжжээ. Украины 1500 цэрэг, 150 хуягт машинтай 47 дугаар механикжсан бригад Оросын хамгаалалтыг нэвтлэхийг оролдсон гэж Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Каховка усан цахилгаан станцын далан нурсан нь дайны талбараас олны анхаарлыг түр холдуулсан эргэлт болсон гэж үзэж байна. Энэ үйл явдал маш их хохирол учруулахын зэрэгцээ Украины армийн төлөвлөгөөг өөрчилжээ.
Запорожьег довтолгооны гол төв болох магадлалтай гэж эртнээс харж байсан ч Украины арми фронтын өргөн цар хүрээг хамарсан олон удаагийн дайралтаар зорилгоо нуухыг хичээсэн байж болзошгүй. Өмнөд бүс нь Украины аж үйлдвэрийн гол бүсийг Крымийн хойгтой холбосон хуурай замын коридорын нэг хэсэг юм. Энэ хэсгийг сүйтгэж довтолгоог өмнө зүг рүү түлхэх нь сөрөг довтолгооны гол зорилго байж магадгүй аж. Хэрвээ энэ нь үнэхээр сөрөг довтолгооны төлөвлөгөө мөн бол далан сүйрсэн нь довтолгоонд нөлөөлнө гэж барууны шинжээчид үзэж байна.
Бахмут орчимд тулаан төвлөрч байсан бол сүүлийн өдрүүдэд Запорожье орчим руу шилжив. Зүүн Донецк мужид хийсэн цохилт нь Оросын цэргийг Украины гол байгаас холдуулах гэсэн оролдлого байж магадгүй.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ