Засгийн газар ирэх долдугаар сарын 1-ээс ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийг нь 10 хувиар нэмэх болсон нь нэг хэсгийг нь баярлуулж, нөгөө хэсгийг нь айдаст автуулаад байна. Учир нь, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өчигдөр (2023.06.08) мэдээлэл хийх үеэрээ “Архиваас мэдээлэл нь олдохгүй байгаа 161 мянган ахмад байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, тасралтгүй 20, 30, 40 жил хөдөлмөр эрхэлж, НДШ төлсөн ахмад настны хувьд архиваас материал нь олдоогүй шалтгаанаар тэтгэврийнхээ зөрүүг ч арилгуулж чадахгүй хохирох вий гэдэг болгоомжлол төрүүлээд байна. Иймээс ахмадуудын хувьд долдугаар сарын 1-нээс тэтгэвэр нь нэмэгдээгүй тохиолдолд хөдөлмөр эрхэлж, НДШ төлж байсныг гэрчлэх баримт юу байна, тэр бүгдийгээ бэлтгэн, зарга үүсгэхээс өөр аргагүй болж байгаа юм.
Нөгөө талдаа энэ удаагийн арга хэмжээ нь хөл толгойгүй явж ирсэн төрийн үйлчилгээг цэгцлэх боломжийг ч бий болгох сайн талтай. Учир нь, “танил талтай хүн ажил хөдөлмөр эрхлээгүй байсан ч тэтгэвэр тогтоолгож авдаг” гэх үнэн худал нь үл мэдэгдэх яриа өнгөрсөн хугацаанд их дуулдаж ирсэн. Дээр нь нас барсан хүмүүсийн нэрээр тэтгэврийг нь авч байсан хэргүүд гарч, дуулиан тарьсан удаатай. Тиймээс тэтгэвэр нь нэмэгдэх боломжгүй болсон 161 мянган ахмадын асуудлыг төр сайтар шалгаж, нягтлах шаардлага ч үүсч буй. Нэг үгээр хэлбэл, хуурамч нэр үүсгээд хэн нэг нь тэтгэвэр авч, завшдаг байх вий гэдэг болгоомжлолыг ч давхар төрүүлээд байгаа юм. Иймээс энэ асуудлыг архив нь олдоогүй гэдэг шалтгаанаар хойш тавилгүй хүн нэгбүрээр шалгаж, мухарлах нь эргээд санг цөлмөж, хохироодог байсан хууль бус үйлдлийг зогсоох алхам ч болж мэдэх юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ